Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2023 оны төсвийн тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-д өргөн бариад байна. Хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж буй энэ үед улсын төсвийн хөрөнгөөр ямар бүтээн байгуулалтуудыг ирэх онд санхүүжүүлэхээр төлөвлөж байна вэ гэдгийг сонирхлоо.
Тухайлбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 9,3 тэрбум төгрөгөөр "Соёл амралтын хүрээлэн" байгуулахаар төлөвлөж, энэ онд 6,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор 2023 оны Улсын төсөвт суулгасан байна.
Харин тус бүтээн байгуулалтын тендерийг энэ оны нэгдүгээр сарын 18 /2022.01.18/-ны өдөр Сүхбаатар аймгийн орон нутгийн өмчийн газраас зарлажээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Улмаар уг бүтээн байгуулалтыг "Монголзам групп" ХХК хийхээр болж, энэ оны дөрөвдүгээр сарын 20 /2022.04.20/-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар шавийг тавьсан байна.
"Уртын гол" Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн нь нийт 270 га газрыг хамрах бөгөөд 100 га-д бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Үүнд 4,6 км хашаа, задгай театр, чийрэгжүүлэх, спортын талбайнууд, явган хүний болон дугуйн 2,6 км зам, ариун цэврийн байгууламж, усан оргилуур, сүүдрэвч зэргийг барьж байгуулах аж. Хамгийн ноцтой нь улс төсөвт мөнгө нь суугаагүй соёл амралтын хүрээлэнгийн шавийг тавьж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байгаа юм.