Өнгөрөгч есдүгээр сарын 29 /2022.09.29/-ны өдөр АН-ын лидерүүд болон УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд мөн Х.Баттулгыг төлөөлсөн зарим хүмүүс оролцсон уулзалт Шангри-Ла худалдааны төвийн нэгэн ресторанд болсон байдаг.
-ОЛОН САР ЦУГЛАЖ, УУЛЗААГҮЙ АН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ӨЧИГДӨР УУЛЗАЦГААЖЭЭ-
Тэгвэл дээрх уулзалтын үргэлжлэл, хоёрдугаар шатны уулзалт өчигдөр /2022.10.12/ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн уулзалтаар үргэлжилсэн байна. Тус уулзалтад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүнээс арав нь оролцсон байна. Харин УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хүндэтгэн үзэх шалтгаантай тул оролцож чадаагүй аж. Мөн энэ үеэр сүүлийн хэдэн сар зөрчилдөж буй УИХ-ын гишүүн Д.Ганбат, О.Цогтгэрэл нар уулзсан нь “содон” байжээ.
Улмаар, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ийнхүү бүгд цуглаж ярилцаагүй удсан бөгөөд, өчигдөр цуглахдаа, “эв нэгдэлтэй байж, дахин бүлэг дотроо хагаралдахгүй байцгаая” гэсэн утгатай зүйлсийг ярилцжээ. Мөн тус уулзалтад оролцсон Ц.Элбэгдорж, “Улс орны байдал амаргүй байгаа энэ үед АН-ын бүлэг дотроо битгий хагар” гэх утгатай үгийг хэлжээ. Ингээд тэд улс төр, эдийн засагт өрнөж буй олон сэдвийг ярилцжээ.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн өчигдөр /2022.10.12/ болсон уулзалтыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Сангийн сайд асан С.Баярцогт нар зохион байгуулжээ.
Мөн Шангри-Лад болсон АН-ын гишүүдийн өмнөх уулзалтыг ч С.Эрдэнэ, Х.Баттулга нарын талууд биш, харин Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар мөн зохион байгуулсан аж. Уулзалтын талаар Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа:
Эрхэм гишүүдтэй уулзлаа. Халуун дотно яриа өрнүүлэв. Түмний үйлс, намынхаа нэгдэл нягтралын төлөө итгэл төгс байна дөө✌️ pic.twitter.com/TBsix1lUeP
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) October 12, 2022
-АН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ УУЛЗАЛТЫГ Ц.ЭЛБЭГДОРЖ, С.БАЯРЦОГТ НАР ИДЭВХТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА АЖЭЭ-
Харин “АН-ыг гишүүдийг эвлэрүүлэх, нэгтгэх уулзалт”-ыг тус намын өмнөх дарга нар болох Н.Алтанхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ нарын хүмүүс зохион байгуулахгүй, тус “намын эв нэгдлийн төлөө бараг хуруугаа ч хөдөлгөхгүй” байна хэмээн зарим гишүүд нь дотоод сүлжээндээ ярьж, бухимдлаа илэрхийлж байгаа аж. Мөн өнгөрсөн долдугаар сар /2022.07/-д Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар уулзаж, “АН-ын гишүүдийг эвлэрүүлэх, нэгтгэх” талаар ярилцсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл тэд уулзсан гэдэг нь үнэн гэдгийг эх сурвалж бидэнд мэдээлж байна.
Ямартай ч АН-ын гишүүдийг эвлэрүүлж, нэгтгэх ажлыг Ц.Элбэгдорж, С.Баярцогт идэвхтэй зохион байгуулж, бүх талын төлөөллүүдийг хооронд нь уулзуулах ажлыг зохион байгуулж байгаа ажээ.
Харин өнөөдөр /2022.10.13/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийг хуралдуулах товийг С.Эрдэнэ гаргаад байгаа аж. Учир нь саяхан тэрээр мэдээлэл хийж, “МАН-д хяналт тавихаар сүүдрийн парламент”-ыг байгуулж буйгаа зарласан. Тэгвэл өнөөдөр болох ҮБХ-ны хурлаар “сүүдрийн парламент”-ынхаа анхны хурлыг хийх аж. Мөн С.Эрдэнэ УИХ-ын байнгын хорооны бүтцийн адилаар Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо зэргийг байгуулж даргаар хүргэн Г.Энхболд зэрэг өөрийн улс төрийн багийн хүмүүсээ томилоод байгаа ажээ.