УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хариуцлагагүйгээс болж, Монгол Улс "Парис-2024" зуны олимпод оролцохгүй болж магадгүй болжээ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хариуцлагагүйгээс болж, Монгол Улс "Парис-2024" зуны олимпод оролцохгүй болж магадгүй болжээ

"Дэлхийн допингийн эсрэг агентлаг"-аас Монгол Улсыг "Допингийн эсрэг үндэсний зөвлөл"-өө энэ оны аравдугаар сарын 27 /2022.10.27/-ний өдрийн  дотор баталж, мэдээллээ ирүүлэхийг хатуу анхааруулжээ. 

Хэрэв Монгол Улс "Дэлхийн допингийн эсрэг агентлаг"-ын хэлсэнчлэн эл хугацаанд амжиж мэдээллээ хүргүүлэхгүй бол 2024 оны Парисын зуны олимпын наадамд оролцохгүй байх зэрэг гурван шатны арга хэмжээ авхуулах аж. 

Монгол Улс нь 2005 онд “Копенхагены тунхаглал”-д, 2007 онд “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д нэгдсэн байдаг. Эдгээр олон улсын эрх зүйн баримт бичигт заасны дагуу “Допингийн эсрэг үндэсний зөвлөл”-ийг манай улс шинэчлэн батлах шаардлагатай. Тиймээс ч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.

Тус хуулийн төслийг энэ оны тавдугаар сарын 20 /2022.05.20/-ны өдөр боловсруулж буй гэх "тамга"-тайгаар олон нийтээс санал авч эхэлжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Гэвч хуулийн төслийг өнөөг хүртэл өргөн бариагүй байна.  Эдгээрээс үзэхэд Монгол Улс "Дэлхийн допингийн эсрэг агентлаг"-аас анхааруулсан хугацаанд багтаж, Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Допингийн эсрэг үндэсний зөвлөлөө баталж чадах уу гэх эргэлзээ байгаа юм. 

Хуулийн төсөлд: Допингийн эсрэг үндэсний зөвлөл

  • Допингийн эсрэг үндэсний зөвлөл/цаашид “Үндэсний зөвлөл” гэх/ Ерөнхий сайдын дэргэд ажиллах бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй байна:
  • Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Шадар сайд;
  • Үндэсний зөвлөлийн орлогч даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
  • Үндэсний зөвлөлийн гишүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч, Монголын Паралимпын хорооны Ерөнхийлөгч, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхийлөгч, Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн захирал нар,
  • Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал гэж заажээ. 

Хэрэв УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг эл хуулийн төслөө энэ сарын 27 /2022.10.27/-ны өдрийн дотор УИХ-аар батлуулж амжихгүй бол Монгол Улс "Парис-2024" зуны олимпын наадамд оролцохгүй болж ч магадгүй болох ажээ.