"Улаанбаатар" олон улсын кино наадмын шилдэг киногоор “Этгээд” уран сайхны кино шалгарлаа /ВИДЕО/

"Улаанбаатар" олон улсын кино наадмын шилдэг киногоор “Этгээд” уран сайхны кино шалгарлаа /ВИДЕО/

14 дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмын Монголын уран сайхны кино хэсэг өчигдөр /2022.10.19/ болж кино наадмын шилдэг киногоор “Этгээд” уран сайхны кино шалгарлаа.

Найруулагч Б.Баатарын “Этгээд” уран сайхны кино нийт 80 минут үргэлжлэх бөгөөд 2022 оны Олденбургийн ОУКН-ын “Хамгийн өвөрмөц, зоримог кино” шагнал, 2022 оны зураглаачдын "Алмаз" наадмын "Шилдгийн шилдэг кино" шагнал хүрээд буй. Мөн Монголын зураглаачдын нийгэмлэгээс энэ жил зохион байгуулсан тав дахь удаагийн "Алмааз" наадмын "Шилдэгийн шилдэг кино"-гоор "Этгээд" уран сайхны кино шалгарсан юм.

Тус кинонд гарах үйл явдлын товч агуулгыг дурдвал, Эрхэмээ, Сэлэнгэ хоёр хотоос зайдуу, ой модон дундах хуучны байшинд нүүн ирснээр үйл явдал өрнөж эхэлнэ. Уран бүтээлч эхнэртээ орон зай өгч, амар тайванг эрэлхийлж ирсэн Эрхэмээгийн байр байдал нь тэдний шинэхэн хөршид хачирхалтай санагдана. Тэндхийн хэт нам гүм байдал, нүүж ирснээс хойш ээрэх болсон муу ёрын зүүд Сэлэнгийн ааш авирт нөлөөлж, байдал улам хурцадна. Өдөр тутам тохиолдох этгээд явдлуудын учир шалтгааны тухай өгүүлэх юм.

Энэ талаар найруулагч Б.Баатар сэтгэгдлээ хуваалцахдаа "Сэтгэгдэл маш өндөр байна. Миний хувьд найруулагчийн анхны гараагаа эхэлсэн уран бүтээл хоёр дахь олон улсын кино наадамдаа маш амжилттай орж, цомын эзэн боллоо. Энэ удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмаас хос "Хангарьд" цомын эзэн болсондоо баяртай байна. Би уран бүтээлээрээ дамжуулан нийгмийн болж бүтэхгүй асуудлыг хөндөж, дугарахыг хичээдэг. Энэ утгаараа "Этгээд" киноны төрөл хүнд боловч өнөөгийн нийгмийг харуулахыг зорьсон. Өнөөдөр бид өөрийн гэсэн толгойгүй, дагалдан баясагч болсон байна. Энэ нь биднийг юу руу хөтөлж байна вэ гэдгийг өгүүлж буй. Энэ жилийн наадамд олон улсын кино наадмуудад амжилт үзүүлсэн сайн кинонууд оролцож байна" хэмээжээ.

ВИДЕО: