ВИДЕО: Нүүрээ далдлах “хижаб" өмсөөгүй тул амиа алдсан эмэгтэйн хэлмэгдүүлэлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Иранд үргэлжилж байна

ВИДЕО: Нүүрээ далдлах “хижаб" өмсөөгүй тул амиа алдсан эмэгтэйн хэлмэгдүүлэлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Иранд үргэлжилж байна

Өнгөрсөн есдүгээр сард Ираны нийслэл Тегеран хотод нүүрээ далдлах “хижаб” өмсөөгүй гэх шалтгаанаар 22 настай Махса Амини гэх эмэгтэйг тус улсын ёс суртахууны цагдаа нар баривчилсан юм. Үүнээс гурав хоногийн дараа тэрээр нас барсан тухай мэдээлэл гарч олон мянган иранчууд гудамжинд гарч, жагсаж эхэлсэн билээ.

Тэгвэл Махса Амини нас барснаас хойших 40 хоногийг үдэх ёслолын өмнө жагсаал дахин хурцадмал байдалд шилжин Ираны их сургуулиудын оюутнууд мягмар гараг /2022.10.25/-т эсэргүүцлийн жагсаалд нэгдэж, цуст хэлмэгдүүлэлтийг эсэргүүцсэн. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Жагсагч оюутнууд "Бид үхэж магадгүй, гэхдээ доромжлолыг хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн хашхирч буй талаар AFP телевиз шууд дамжуулжээ. Мөн жагсаалын тэргүүн эгнээнд залуу эмэгтэйчүүд, сурагч охид байсан байна.

Харин өчигдөр /2022.10.26/ Амини нас барснаас хойших 40 дөх хоногийн үдэх ёслол болж, Ираны ёсоор уламжлалт гашуудлын хугацаа дууссан байна. Тус улсын төрийн мэдээллийн IRNA агентлаг "Нөхцөл байдлыг харгалзан, ямар нэгэн таагүй асуудлаас зайлсхийхийн тулд бид 40 дахь өдрийг тэмдэглэх ёслол хийхгүй" гэсэн Амини гэр бүлийнх нь мэдэгдлийг нийтэлжээ. Харин Махса Аминиг оршуулсан оршуулгын газар руу олон хүн явж байгааг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсаар байгаа аж.