Монгол Энэтхэгтэй батлан хамгаалахаа өргөжүүлж, Монголоос "газрын ховор элемент авъя" гэдгээ Герман, Солонгос улсууд илэрхийлжээ

Монгол Энэтхэгтэй батлан хамгаалахаа өргөжүүлж, Монголоос "газрын ховор элемент авъя" гэдгээ Герман, Солонгос улсууд илэрхийлжээ

Энэ долоо хоногт “Эрдэнэс тавантолгой” ХК-нд онцгой дэглэм тогтоож, тус компанийн захирал Б.Ганхуягийг албан тушаалаас нь огцруулсан нь дотоод улс төрд өрнөсөн онцлох үйл явдал байв. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Солонгос улс /БНСУ/-д, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилсан нь манай гадаад улс төрийн онцлох үйл явдал байлаа.  

Учир нь Орос, Украин улстай дайнтай, Хятад, Тайванийн арлын байдал хурцадмал байгаа энэ үед Монгол Улс төвийг сахисан оновчтой байр сууринд байна гэж зарим иргэд дүгнэж буй. Тухайлбал, хотын дарга асан Э.Бат-Үүл, “Монголын гадаад бодлого, ганц нэг протоколын алдааг эс тооцвол чамбай байв. Төрийн "гурван өндөрлөг” ч гуравдагч хөршүүд рүүгээ, болгоомжтой гэхдээ тун зоримог идэвхтэй ажиллаж Улсынхаа геополитикийн тэнцвэрийг хадгалж чадаж байна” гэж мэдэгдсэн.

-МОНГОЛЫН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ЭНЭТХЭГ УЛСААР ӨРГӨЖИЖ БАЙНА-

Тэгвэл өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, Энэтхэгийн батлан хамгаалахын сайд Р.Синхгид нарын айлчлал манай улсад болж өндөрлөсөн. Товчхондоо, НҮБ-ын тэргүүний айлчлалаар Оросын эрчим хүчний хараат байдлаас Монгол Улсыг гаргах асуудал яригдсан бол, Энэтхэгийн батлан хамгаалахын сайдын айлчлал нь хоёр улс цэргийн салбарт хамтран ажиллах явдлыг бэхжүүлэх гэж тодорхойлж байв.

Үнэндээ, НАТО “БНХАУ-ын нөлөөг хумихын бүсчлэлээ Энэтхэг-Номхон далай болгон өргөжүүлсэн тул Энэтхэг улс Монгол улстай харилцаагаа хөгжүүлэхийн тул тус айлчлалыг хийсэн” гэж тайлбарладаг.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Энэтхэг улсад айлчилжээ

Тэгвэл энэ долоо хоногт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Энэтхэг улсад айлчилж хийж, 2023 онд хоёр улс хамтран зохион байгуулах “Нүүдэлчин заан” сургуулилт болон хоёр улс батлан хамгаалах аж үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан тохиролцсон байна. Энэ нь Монгол Улсын батлан хамгаалахын салбарын харилцаа өргөжиж байгаагийн нэг илрэл юм.

-МОНГОЛООС “ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ” АВЪЯ ГЭДГЭЭ ГЕРМАН, СОЛОНГОС УЛСУУД ИЛЭРХИЙЛЭВ-

Харин энэ долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д албан ёсны айлчлал хийлээ. Түүний айлчлалын үеэр хоёр улс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах, БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын салбарт хамтранажиллах зэрэг асуудлууд яригдсан байгаа юм.

Тодруулбал, БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё, “Хоёр улсын хамтарсан “Газрын ховор элементийн судалгааны төв” байгуулахаар болсон тул Монголынпарламентаас дэмжиж ажиллах”-ыг Г.Занданшатар даргаас хүссэн байдаг.

УИХ-ын дарга Г.Занданшатар Солонгос улсад айлчилжээ

Харин яг үүнтэй адил “манай улсаас газрын ховор элемент авах хүсэлтэй” байгаагаа Герман улс илэрхийлсэн. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тус улсад энэ сар /2022.10/-д айлчлах үеэр Германы Канцлер Олаф Шольц, “Монгол улсаас зэс, газрын ховор элемент авах хүсэлтэй байгаа”-гаа илэрхийлж, боловсруулах үйлдвэрлэлийн судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтсон байдаг. Энэ мэтээр геополитик, эдийн засгийн эгзэгтэй байгаа энэ үед Монгол Улс батлан хамгаалахын салбарт Энэтхэг улстай харилцаагаа өргөжүүлж, зэс, газрын ховор элементийг манай улсаас авъя гэдгээ Герман, Солонгос улсууд илэрхийлсэн өдрүүд өндөрлөж байна.




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө