Ирэх жил ипотекийн ЗЭЭЛ олгохгүй

Ирэх жил ипотекийн ЗЭЭЛ олгохгүй

Ипотекийн зээл эргэн төлөхийг 2023 оны долоодугаар сарын 1 хүртэл дахин хойшлуулахаар судалж байгаа тухай өчигдөр /2022.11.08/ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. 

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Цар тахал болон Орос-Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй эдийн засгийн хямралын үр дүнд зээл хойшлуулахаас аргагүй байсан.  Ипотекийн зээлийн хөтөлбөр бол амжилттай явж байгаа хөтөлбөр. Цар тахал болон геополитикийн нөхцөл байдлаас болж өмнөхөөс өөр нөхцөл байдалтай байна. Хуулийн хугацаа дууссан ч ямар нэг байдлаар ипотекийн зээл авах гэж байгаа хүмүүсийг хохироохгүйгээр шийдээд явна" гэж онцоллоо. Ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанк, арилжааны банкууд хамтран гаргадаг бөгөөд 2017 оноос өмнөх олгосон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийн ипотекийн зээлийг санхүүжүүлдэг болоод байсан.

Цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн хүрээнд 2020 оноос өдийг хүртэл ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулахгүйгээр 5 удаа хойшлуулсан.

Уг хойшлуулалтад 3.4 их наяд төгрөгийн 63200 өрхийн зээл хамрагдсан гэдэг бөгөөд хамгийн багаар тооцоолж үзэхэд энэ 3 жилийн хугацаанд 750 гаруй тэрбум төгрөгийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулж, барагцаагаар 7410 иргэн зээл авах боломж алджээ гэсэн үг. Хэрэв ипотекийн зээл төлөлтийг дахин хойшлуулбал зээл олголт таг зогсоно. Түүнчлэн барилгын салбар болон түүнийг дагасан бусад салбар, аж ахуй нэгжид ажиллаж буй олон зуун залуус цалингүй болох, шууд тусгал нь эдийн засгийг улам агшааж,  хүндрэлийг улам нэмэх эрсдэлтэй.