Нүүрсний уурхайнуудад дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхийг үүрэг болголоо

Нүүрсний уурхайнуудад дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхийг үүрэг болголоо

Аймаг, нийслэл, орон нутгийн удирдлагууд оролцсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн V хуралдаанаар эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл болон мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг  хэлэлцлээ.

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15-ны байдлаар 92.4 хувьтай үргэлжилж байгаа талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ. Тус салбарт 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засварт 1186 нэр төрлийн ажил төлөвлөснөөс 95.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Түүнчлэн шахмал түлшний нөөц энэ сарын 15-ны байдлаар баруун бүсийн үйлдвэрт найм, зүүн бүсийн үйлдвэрт дөрвөн шугамаар хоногт 2,000-2,200 тонн түлш үйлдвэрлэж, нийт 106 мянган тонныг нөөцөлжээ. Дизель түлшний нийлүүлэлт буурснаас “Багануур” ХК 3 хоногийн, “Шивээ овоо” ХК 11 хоногийн нөөцтэй байгаа тул УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлж, нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болголоо.