Ж.Сүхбаатар: Нийслэлээс орон нутаг руу шилжих шилжилтийг дэмжсэн ЗГ-ын тогтоолыг гаргана

Ж.Сүхбаатар: Нийслэлээс орон нутаг руу шилжих шилжилтийг дэмжсэн ЗГ-ын тогтоолыг гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.11.23/ боллоо. Хуралдааны дараагаар салбарын сайд нар хэлэлцсэн асуудал тус бүрээр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр Ж.Сүхбаатар сайд, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлээс орон нутаг руу шилжих шилжилтийг дэмжсэн Засгийн газрын тогтоолыг гаргахаар тогтлоо. Энэхүү тогтоолд өөрийн санхүүжилтээр өөрсдийгөө авч явдаг 6 аймаг, нийслэлийн алслагдсан 3 дүүрэг нийслэлээс шилжин ирж буй иргэдийг хүлээж авдаг болохоор тусгасан. Өөрөөр хэлбэл,  тэдгээр аймаг, дүүрэг нь 10-20 орчим хувиар хүн амаа нэмэгдүүлэх бололцоотой гэж үзэж байна.

Энэ нь захиргааны аргаар иргэдээ шахаж буй хэрэг биш. Төр үдэж гаргасан бол нөгөө талдаа угтан авдаг байх агуулга руу оруулж байна гэсэн үг.

Угтан авах хүрээндээ шилжин очиж буй иргэдэд ипотекийн 3 хувийн зээлийг олгохоор, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр, дулаан цахилгааны төслүүдийг орон нутагтаа үйлдвэрлэсэн бол эхний 3 жилд 90 хувиар, дараагийн 3 жилд 50 хувиар тус тус татварын хөнгөлөлт үзүүлэхээр, бизнесээ шилжүүлсэн бол 1 хувийн зээлд хамруулах зэрэг шийдлийг ярилаа. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч энэ сарын сүүлчээр Хятадад айлчилна. Энэ үеэр Улаанбаатарыг дайрч өнгөрч буй төмөр замын доогуур нүхэн гарц байгуулах зээлийн хэлэлцээр байгуулна. Дөрвөн газарт нүхэн гарц байгуулснаар түгжрэл 20 хувиар буурна. Дашрамд хэлэхэд, Түгжрэлийг бууруулах үндэсний хороо тусгайлан хийж буй ажлын гүйцэтгэлээрээ танилцуулга хийнэ" гэлээ