Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов нарт Монгол Улсын Төрийн дээд одон Чингис хаан одонг гардууллаа.
АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд энэ үеэр "Дэлхийн түүхнээ агуу баатрууд нь ямагт хууль тогтоогчид байдаг. Шагжамуни Будда хүн төрөлхтөнд гэгээрлийн ном буюу хуулийн хүрдийг үлдээсэн. Күнз өрх гэр болон төрийн харилцааг зохицуулах иргэний хуулийг бүтээж өвлүүлсэн. Есүс нь Христийн шашинтнуудад хуулийг түгээж байв.
Чингис хаан шинэ шашин зохиогоогүй, харин Мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон. Шашин тус бүр дээр бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгэн цул болгож, хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн амар амгаланг тогтоосон. Дэлхий өнөөдөр ч тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна. Чингис хааны хуулийг үргэлжлүүлэхийн төлөөх үйлс тэмцлийнхээ, Монголын их амар амгаланг тогтоох мөрөөдөлдөө тэмүүлсэн ес дэх зуунаа хүн төрөлхтөн элээж явна. Ес бол үлэмж бэлгэдлийг шингээсэн тоо. Чухам энэ зуунд монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн, эх дэлхийдээ тусалж чадна гэдэгт би итгэдэг.
Чингис хааны ариун үндэстнийг, Чингис хааны үр хойчийг Монголын хөх тэнгэрийн алтан гэрэлт цацраг үүнд гийгүүлж байхыг ерөөж залбирч байна. Энэ Чингис хааны төрсөн нутаг Монголын сайхан орон" гэлээ.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов "Газар зүй, хөрс судлалын салбарт олон жил хүчин зүтгэж яваа миний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд тэргүүн зэргийн шагнал Чингис хаан одон хүртээсэн явдалд чин сэтгэлээсээ талархаж, цээж дүүрэн баяртай байна.
Шинжлэх ухаан, технологи нь аливаа улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийн баталгаа, эрчимтэй хөгжлийн тулгуур, хөшүүрэг, хөдөлгүүр болсон өнөө үед төрөөс энэхүү эрхэм дээд шагналаа эх орны олон зуун эрдэмтэн судлаачдын төлөөлөгч надад олгож байгаа нь шинжлэх ухааны салбарт өгч байгаа өндөр үнэлгээ, том итгэл, гүн хүндэтгэл хэмээн ойлгож байна.
Монголчууд бидний эхэс дээдсийн ариун голомт Бурхан халдун хайрхан, гурван мөрний сав нутагт өсөж торниж, ертөнц дахинаа гайхагдсан эзэн Чингис хааны цогцлоон байгуулсан агуу их эзэнт гүрний түүх уул ус газар нутаг сав шимийн ертөнцтэйгээ салшгүй холбоотой билээ. Монголын нууц товчоонд өгүүлсэнчлэн Хөрст газар хөрвөж, Хөвчин дэлхий дайтаж байх цаг дор Эзэн Чингис хаан усны тунгалаг, өвсний соргог, уулын өндөр, талын уудмыг шүтэн эзэмшиж, нүүдлийн иргэншлийн түүхэн дээд хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан чанадын утга учир нь Монгол орны минь байгаль цаг уур, говь хангай, тал хээр хосолсон үржил шимт хөрс бүхий газар нутагт минь оршиж байжээ. Тиймээс газар нутгийн онцлог, нэршил, хөрс шороо, ургамал амьтан, гадаргын хий хийгээд газрын доорх баялаг бүгд эх түүхийн суурь нэгэн үндэс болохын учир түүхэн дэх газрын хүчин зүйлийг эрдэмтэд ихэд анхааран тал бүрээс нь судалж ирсэн түүхтэй.
Миний сурч эзэмшсэн мэргэжил, судалж бүтээсэн мэдлэг маань Нүүдлийн соёл иргэншлийн гайхамшигт түүхийг бүтээсэн хөрст газартай амин холбоотой явсаар 60 гаруй жилийг үдэж байна. Газар зүйн судалгаа бол улс орны тусгаар тогтнол ашид оршихын баталгаа гэдгийг үе үеийн судлаач эрдэмтэд гүнээ ухамсарлаж, эх орондоо газар зүйн шинжлэх ухааныг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө 98 жил цуцалтгүй ажиллаж хөдөлмөрлөж ирсний сүүлийн 60 гаруй жил өөрийн өчүүхэн боловч хувь нэмрээ оруулсандаа баяртай байна. Манай хамт олон хамтран зүтгэгч та бүгдээрээ нэн бахархаж байна. Энэ хугацаанд судлаач нөхөдтэйгээ хамтран эх орныхоо нутаг дэвсгэр байгалийн нөхцөл нөөц баялаг, хүн ам, нийгэм, эдийн засгийн талаарх бүхий л мэдээллийг багтаасан шинжлэх ухаан зураг зүйн лавлах Монгол Улсын үндэсний атласыг гурван удаа боловсруулан нийтлүүлж, томоохон бүтээлүүдэд оролцлоо. Монголын төр, түмэн олон минь, хувь заяагаар учирсан хөрст энэ Монгол нутаг орноо үеийн үед ургийн урагт хайрлан хүндэлж, бишрэн дээдэлж, унаган дагшнаар нь авч яваарай гэж өвгөн эрдэмтэн ах нь уламжилж байна аа. Эрдэм мэдлэг арвижин дэлгэрч, эх орон минь мөнхөд хөгжин дэвших болтугай" хэмээв.