Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг "Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах "Үнэлгээний хороо"-ны даргаар "томилжээ".
Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар энэ сарын 16 /2022.11.16/-ны өдөр "Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагааны удирдамжийг шинэчлэн батлах тухай" А/1460 дугаартай захирамж гаргасан байна. Тус захирамжид ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ. Тодотговол,
Үнэлгээний хорооны даргаар
- Нийслэлийн Ерөнхий архитектор,
- Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Хэсэгчилсэн төлөвлөлтийн хэлтсийн дарга,
- Нийслэл Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн хэлтсийн дарга,
- Нийслэл Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга
Үнэлгээний хорооны гишүүнээр:
- Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын
- Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга
- Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга
- Нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтситйн дарга
- Сууц өмчлөгчдийн төлөөлөл (тохиролцсоноор).
Нарийн бичгийн даргаар:
- Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Хэсэгчилсэн төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн байна хэмээн шинэчлэн баталжээ.
Энэхүү захирамж гарсантай холбогдуулан “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, түүний үйл ажиллагааны удирдамжийг шинэчлэн батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн А/264 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсон байна.
Ташрамд өгүүлэхэд, НИТХ-ын төлөөлөгчид Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг Улаанбаатар хотод хууль зөрчиж барилга барих зөвшөөрөл олгодог зэрэг үндэслэлээр огцруулах хүсэлтийг хотын дарга Д.Сумъяабазарт хүргүүлээд байгаа. Харин энэхүү хүсэлтэд хариу өгч, хариуцлага тооцохгүй бол Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарыг огцруулах асуудлыг хөндөх болно гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл хотын дарга Д.Сумьяабазар Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдоржид хариуцлага тооцох бус харин Үнэлгээний хорооны даргаар "томилох" тухай захирамж гаргасан байна.