БАРИМТ: С.Эрдэнэ “АН-ын дарга” болохоор 4 удаа хандсан ч УДШ түүнийг бүртгэхээс татгалзаж, “АН даргагүй байгаа” гэж ЗАРЛАЖЭЭ

БАРИМТ: С.Эрдэнэ “АН-ын дарга” болохоор 4 удаа хандсан ч УДШ түүнийг бүртгэхээс татгалзаж, “АН даргагүй байгаа” гэж ЗАРЛАЖЭЭ

Улс төрийн намын бүртгэлийг Улсын дээд шүүх /УДШ/ хийж, эцсийн үнэн лавлагааг гаргадаг бол, иргэн, аж ахуй нэгжийн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/ хийж, лавлагааг нь гаргадаг. Тэгвэл өнөөдрийг хүртэл “Ардчилсан нам /АН/-ын дарга С.Эрдэнэ мөн эсэх”-д олон хүн эргэлзэж, учрыг нь олохгүй байгаа гэхэд болно.

-"АН-ЫН ДАРГААР С.ЭРДЭНИЙГ БҮРТГЭСЭН ШИЙДВЭРИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ГАРГААГҮЙ” ГЭЖЭЭ-

Тэгвэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр энэ сарын 02 /2022.11.02/-ны Улсын дээд шүүхэд хандаж, “Ардчилсан нам одоогоор даргатай эсэх, С.Эрдэнийг АН-ын дарга, тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх эсэх”-ийг тодруулах хүсэлтийг гаргасан байна.

Харин Ч.Өнөрбаярын хүсэлтэд Улсын дээд шүүхээс энэ сарын 10 /2022.11.10/-ны өдөр хариу өгсөн байна. Улсын дээд шүүхийн “хариу өгөх тухай” албан тоотод “Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхийн улс төрийн намын бүртгэл, түүний мэдээллийн цахим санд Ардчилсан намын дарга буюу Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр С.Эрдэнийг бүртгүүлэх болон бүртгэлийг сэргээлгэх хүсэлтүүдийг Улсын дээд шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэснээс гадна өөр хэн нэгнийг бүртгэсэн шийдвэр гаргаагүй байна” гэж мэдэгджээ.

Улсын дээд шүүхийн албан мэдэгдэл. 2022.11.10

Товчхондоо, улс төрийн намын бүртгэл, эцсийн үнэн зөв лавлагааг гаргах ёстой Улсын дээд шүүхээс “АН-ын одоогоор даргагүй байгаа” гэж зарласан байна. Энэ утгаараа С.Эрдэнэ, Х.Баттулга нарын тус намын талаар гаргасан шийдвэр, зарласан хурал нь хүчингүй болж байгаа аж.

-С.ЭРДЭНЭ "АН-ЫН ДАРГА" БОЛОХООР СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД 4 УДАА ХАНДСАН Ч УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ТҮҮНИЙГ БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ-

Харин С.Эрдэнэ сүүлийн хоёр жил /2021-2022/-ийн хугацаанд АН-ын дарга болохоор Улсын дээд шүүхэд удаа дараа хандсан боловч, түүний хүсэлтийг УДШ хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсээр өнөөдрийг хүрчээ.

Тодруулбал,

  • 2021 оны нэгдүгээр сарын 14-ны өдөр Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэсний хасаж, тус цахим бүртгэлд АН-ын даргаар бүртгүүлэх гэсэн С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
  • Мөн "С.Эрдэнийн Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд АН-ын даргаар бүртгэгдсэн бүртгэлийг сэргээлгэх” тухай хүсэлтийг Улсын дээд шүүх 2021 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
  • Улмаар Улсын дээд шүүхийн цахим сан дахь С.Эрдэнийн бүртгэлийг сэргээх тухай хүсэлтийг УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан 2021 дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хэлэлцээд мөн хангахаас татгалзсан байна.
  • Харин саяхан буюу 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр “Улсын дээд шүүхийн бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэх” гэсэн хүсэлтийг нь Улсын дээд шүүх хэлэлцээд, С.Эрдэнийг АН-ын дарга буюу тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүнээр бүртгэхээс татгалзаж, өргөдлийг нь буцааж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан АН­-ын дарга тус намын дүрмээр огцрох ёстой ч С.Эрдэнэ АН-ын даргаар дахин бүртгүүлэхээр сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт дөрвөн удаа Улсын дээд шүүхэд хандсан ч, тус шүүх С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэхээс татгалзжээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө