Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ дахь айлчлалаа өндөрлөөд үргэлжлүүлэн Япон улсад айлчилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ дахь айлчлалаа өндөрлөөд үргэлжлүүлэн Япон улсад айлчилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамтаар энэ өдрүүдэд /2022.11.27-11.29/ БНХАУ-д албан ёсны төрийн айчлал хийж байна. Айлчлалын үеэр У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Мөн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хоёр улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөөд буй юм. 

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ дахь айлчлалаа өндөрлөөд шууд Япон улсад албан ёсны айлчлал хийх аж. 

Тодруулбал тэрбээр, Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийх аж. Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи нарыг хүлээн авч уулзана. Айлчлал Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлох чухал ач холбогдолтой.  Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа болох гэж байна.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө