Д.Тогтохсүрэн: МАН Казино, Морин бооцоот уралдаан, бооцоот тоглоомын тухай хуулийг өргөн мэдүүлнэ

Д.Тогтохсүрэн: МАН Казино, Морин бооцоот уралдаан, бооцоот тоглоомын тухай хуулийг өргөн мэдүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2022.11.28/-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Аялал жуулчлалын тухай хуулийг МАН-ын бүлгээс дэмжиж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Аялал жуулчлалын тухай хууль болон түүнийг дагасан 10 гаруй хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийг төслийг өргөн барьж байгаа. Мөн үүнтэй хамт Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр, тааварт бооцоот тоглоомын тухай хуулийг өргөн мэдүүлж байна. Энэ хуулийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Энэ ондоо багтааж, хуулийг батлах нь зөв гэж үзэж байгаа. Харин сонгуулийн тухай хуулийг бид зургадугаар сарын 1-нээс өмнө баталсан байх ёстой. Үндсэн хуульд заахдаа "Сонгуулийн журмыг хуулиар тогтоож, хуулийг сонгууль болохоос нэг жилийн өмнө батална" гэж заасан. Тийм учраас ирэх оны зургадугаар сарын 10-наас өмнө бид энэ хуулийг батлахаар ажиллаж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Монголд 2019 онд 580 мянган гадаадын жуулчин хүлээж авч, 610 орчим сая ам.долларын орлого олсон. Цар тахлын дараа нэгдсэн статистик гараагүй байна. Бид 2019 онд ДНБ-ий зургаа орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж байсан. Цаашид үүнийг 30 хувьд хүргэх зорилтыг тавьж, Ерөнхий сайдын санаачлагаар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж буй.

Иймд аялал жуулчлалын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, батлуулснаар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш ирэх жуулчдад хэд хэдэн мессеж өгөх зорилготой байна: Үүнд: 

  • Хамгийн сайн нөхцөлтэй визгүй ангиллын оронд багтсан гэдгээ олон улсад зарлах,
  • Монголд ирэх агаарын тээврийн зардал хамгийн бага байх,

мессежийг гадаадыг жуулчдад өгөх юм. Нийт 33 зүйл, таван бүлэгтэй хууль. Тусгай зөвшөөрөлтэй тур оператор аж ахуй нэгжүүд ажиллаж, хуулийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангаж, аялуулна. Тухайн орон нутгаас аяллын маршрутыг батална. Аялал жуулчлалаас олсон орлогыг орон нутаг авна. Аялал жуулчлалын шинэ санг байгуулж, дөрвөн чиглэлээр төсвөө зарцуулна. Тодруулбал, аялал жуулчлалын салбарыг дотоод болон гадаадад сурталчлах, дэд бүтцийг бий болгох, агаарын тээврийн салбарыг дэмжих, улирлын хамаарлыг бууруулж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож, хөгжүүлэхэд чиглэнэ.

Түүнчлэн сангийн орлого нь казиногийн нийт орлогын тав, морин бооцоот уралдааны орлогын тав, төлбөр тааварт тоглоомын таван хувиас бүрдэнэ. Сангийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшил хамтарч хянана.

Хамгийн гол нь агаарын тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд ирсэн жуулчин болгоны тоогоор татаас олгож, үнэ тарифыг бууруулах чиглэлээр ажиллана. Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх эрхийг орон нутгийн Засаг даргад хариуцуулж байгаа юм. Дэд бүтцийн салбараа шийдсэн аж ахуй нэгж байгууллагын татварт ногдох орлогоос хөнгөлөх зохицуулалтыг хийнэ. УИХ 1998 онд Казиногийн хуулийг баталсан ч огт хэрэгжээгүй байж байгаад хүчингүй болсон. Олон нийт казино гэхээр авлига хээл хахууль гэж төсөөлдөг, гурван ч УИХ-ын гишүүн энэ асуудлаар ял авч байсан түүхтэй. Одоо аялал жуулчлалын салбарт энэ хуулийг цэнгээнт аялал жуулчлалын чиглэлээр оруулж ирэхгүй бол энэ салбарт доголдол үүснэ. Би энэ хууль дээр таван жил суусан хүн. Бид судалж үзэхэд Макаогийн казиногийн загвараар лиценз олгож, бодит хөрөнгө оруулалт босч, өдөр бүр орлогын 40 хувийг улс хурааж авна. Тэр хүмүүст 30 жил өөр юм ярихгүй. Харин 30 жилийн дараа нийт ширээний 50 хувь Засгийн газрын өмчлөлд шилжиж ирнэ гэсэн нөхцөлтэй, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана. Харилцан визгүй зорчиж байгаа орнуудын жуулчдыг цахимаар гаргадаг болгохоор ажиллаж байна. Гадаадаас ирж буй нислэгийн тоог нэмэгдүүлэхээр сангаас татаас олгоно.

Бид эхний ээлжинд Монголын иргэд казинод тоглохыг хуулиар хязгаарлаж байгаа. Дотоодын иргэдийг тодорхой  хугацааны дараа тоглох, лицензийг оруулна.

Байршлын тухайд Хөшигийн хөндийд ганц лицензийг олгож, таван жилийн дотор шинэ байршил олгох асуудлыг Засгийн газраас шийдэхгүй. Бид өндөр татвар тавьж байгаа. Бооцоот морин уралдаан дээр орлогын 70 хувь гэж тавьж байгаа. Казино 40, тааварт тоглоомын татвар 20 хувь байна.