Х.Ганхуяг: Ахмадуудад зориулсан хөгжлийн төв байгуулах шаардлагатай байна

Х.Ганхуяг: Ахмадуудад зориулсан хөгжлийн төв байгуулах шаардлагатай байна

УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн санаачилгаар зохион байгуулж буй Баянгол дүүргийн ахмадуудын “Урлагийн наадам” өнгөрсөн ням гарагт боллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Баянгол дүүргийн хувьд ахмадуудын дунд анх удаа “Урлагийн наадам” зохион байгууллаа. Ахмадуудын идэвх санаачилга өндөр байна. Уг наадамд дүүргийн 2000 гаруй ахмад настан оролцсон. Үүнээс 64-ийг шалгаруулсан. Харин өнөөдөр 64-өөс шилдэг 11-ийг сонгож гала тоглолт хийлээ. Цаашдаа иймэрхүү үйл ажиллагааг тогтмол явуулъя гэж бодож байна. Ерөнхийдөө ахмадуудыг нийгмийн идэвхтэй бүлэг гэдгийг нь харуулахыг зорьсон. Гаднын улс орнуудад “Community center” гэж байдаг. Уг хөгжлийн төвүүдэд ахмадууд өөрсдийн сонирхол, хоббигоо хөгжүүлээд явах боломжтой байдаг. Харин манайд бол ийм төвүүд хомс. Баянгол дүүрэгт гэхэд ганцхан төв байдаг. Энэ урлагийн наадмыг хийж байх явцад ахмадууддаа зориулсан илүү олон хөгжлийн төв байгуулж, хөгжүүлээд явах шаардлагатай юм байна гэж харсан. Гэхдээ хөгжлийн төв зөвхөн ахмадуудад зориулсан бус бүх насныханд зориулсан байвал илүү хүртээмжтэй болох байх. Түүнчлэн он гаргаад 9000 гаруй ахмад настныг хүлээн авахаар төлөвлөж байгаа” гэлээ.

Ж.Намнансүрэн: Ахмад настнаа дэмжих тухай эрх зүйн хувьд хангалттай ч хэрэгжилт нь хомс байдаг ахмадууд сэтгэл дундуур байдаг

Баянгол дүүргийн Ахмадын холбооны дарга Ж.Намнансүрэн “Баянгол дүүргийн 34 хороонд 25 мянга нэг зуун ахмад настан оршин суудаг. Түүнчлэн 4000-5000 харьяалалгүй ахмад настан бий. Нийтдээ 30 орчим мянган ахмад настантай. Энэ удаагийн урлагийн наадамд 2000 орчим ахмад настан оролцсон. Энэ арга хэмжээг хоёр үе шаттай явуулсан. Долоон номинацид шалгарсан хүмүүсийнхээ үзүүлбэрийг тоглолт хэлбэрээр толилуулж байна. Энэ үйл ажиллагааг санаачилж, дэмжсэн УИХ-ын гишүүн Х.Ганхуягт ахмадууд бид баяртай байна. Манай улсад ахмад настнаа дэмжих тухай нь хууль эрх зүйн хувьд хангалттай ч хэрэгжилтийн хувьд зохих түвшинд явдаггүйд ахмадууд сэтгэл дундуур байдаг” хэмээлээ.

Урлагийн наадамд шалгарсан ахмадуудын сэтгэгдлээс, Баянгол дүүргийн III хорооны иргэн О.Түмэндэмбэрэл “Урлагийн наадамд оролцохын тулд нэлээд бэлдсэн. Насаараа урлагаар явуулсан хүмүүс ийм уралдаанд оролцох нь сайхан байна. Ард түмний дунд олон авьяастан байдаг. Тэднийг илрүүлж гаргана гэдэг хамгийн том амжилт. Би 18 настайгаасаа эхлэн саксафон тоглож эхэлсэн. УИХ-ын гишүүн санаачлаад ахмадуудын дунд урлагийн наадам зохион байгуулсанд баяртай байна. Намайг хүмүүс насаа хэлэхээр итгэдэггүй. Би одоо 80 настай. Залуучууддаа хандаж хэлэхэд архи, тамхинаас хол явах хэрэгтэй. Миний 80 хүртэл насалсан шалтгаан ердөө энэ болов уу л гэж бодож байна.

Баянгол дүүргийн III хорооны иргэн Д.Хандсүрэн “Би 10-н жилд байхдаа дуулдаг байсан. Тэтгэвэрт гарснаасаа хойш багын мөрөөдлөө биелүүлэхээр урлагийг ихэд сонирхсон. Энэ наадамд орохоор болсноо мэдсэнээс хойш их догдолсон. Би 76 настай. Тэр том тайзан дээр гараад хэрхэн дуулах бол хүмүүс яаж хүлээж авах бол гэж их догдолсон. Тиймээс 20 орчим хоног бэлдсэн. Манай дүүрэг ахмадуудад хандсан олон арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ удаагийн арга хэмжээг манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг санаачлан зохион байгуулсан. Х.Ганхуяг гишүүний хувьд манай дүүрэгт маш олон ажил хийдэг” гэж байв. Баянгол дүүргийн XVI хорооны иргэн Д.Очирбат, П.Дашдорж, Ж.Доржготов “Бид гурав “Нуруу нь алаг шаазгай” гэдэг найрал дуу дуулсан. Манай хорооны Ахмадын дарга СТА Мандахбаяр гэдэг эмэгтэй бид гуравт нийлж найрал дуу дуулах санал тавьсан. Манай дүүргийн Ахмадын зөвлөлийн дарга нь бэлтгэл хурандаа Намнансүрэн хүн гэж бий. Маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, идэвхтэй хүн. Ирэх жилүүдэд дахин иймэрхүү зүйл зохион байгуулбал идэвхтэй оролцоно. Энэ удаагийн урлагийн наадмыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг санаачлан зохион байгуулсан. Нэлээд олон ажил зохион байгуулж байгаа нь харагддаг. Зохион байгуулж буй ажлыг нь эсэргүүцэх айлууд ч байдаг юм шиг байна лээ. Одоо гэхдээ ойлгож, хүлээж авч эхэлж байгаа болов уу. Ганхуяг гишүүн аливаа ажлыг хийхдээ намчирхалгүй үйл ажиллагаа явуулдагт нь баярладаг” хэмээж байлаа.