Д.Амарбаясгалан: УБТЗ-аас бусад төмөр замуудыг нэгтгэж үндэсний томоохон төмөр замын компани болгож нэгтгэнэ

Д.Амарбаясгалан: УБТЗ-аас бусад төмөр замуудыг нэгтгэж үндэсний томоохон төмөр замын компани болгож нэгтгэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, “Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар нийт 31 асуудал шийдвэрлэж хэлэлцсэн. Бид олон жилийн турш шийдвэрлэгдээгүй асуудлыг авч хэлэлцэж байна. “Эрдэнэс монгол” нэгдэл компанийг дүрмийн өөрчлөлт оруулж, бодитоор дотоодод болон гадаадад үйл ажиллагаагаа явуулахад нь саад бэрхшээл учирч байгаа асуудлыг шийдэхэд оршиж байна гэж хэлж болно. МУ-ын УИХ-аас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу үндэсний баялгийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа. Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн орлогыг бүрдүүлэх Уул уурхайн компаниудын нэгдэл болох Эрдэнэс Монгол группийг зохион байгуулах шийдвэрийг 2022 оны тавдугаар сард ЗГ-ын 225 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байсан. Энэ дагуу дүрмийн өөрчлөлтийг хийж Эрдэнэс Монгол нэгдэл нь дотооддоо дөрвөн групп компанийг бий болгож ажиллана. Ингэхдээ нэгдүгээрт Зэсийн групп, хоёрдугаарт нүүрсний групп гэх мэт байна. Өмчлөл нь Монгол Улсын төрд буюу төрийн өмчийн бодлого зохицуулах газартаа харьяалагдана. Удирдлага, менежмент нь Эрдэнэс Монгол дээр төвлөрч явахаар болж байна. Мөн Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирлаар улс төрийн туршлагатай, эдийн засгийн мэдлэгтэй, олон улсын түвшинд харилцаа үүсгэх боломжтой хүнээр томилж ажиллуулах шийдвэр гарсан.

Өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалтыг явуулахад ур чадвартай, мэдлэгтэй, гадаад дотоодын иргэд орж ажиллах нөхцөл боломж хараахан бүрдээгүй байна гэж бидний зүгээс дүгнэсэн.

Нэгдүгээрт, баялгийн сангийн хуулийг тодорхой болгож батлах ёстой юм байна Хоёрдугаарт, Эрдэнэс Монгол нэгдэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хуульд нийцэж бүрэн төгөлдөр дүрэмтэй болж ойлгомжтой үйл ажиллагаа явуулах шаардлага байна. Үүний дараа бид гадаадын хөрөнгө оруулалтын компаниас зөвлөх үйлчилгээг авч ажиллах нөхцөл бүрдэх юм байна гэж судалгааны дүгнэлт гарсан. Гүйцэтгэх захирлаар Эдийн Засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан С.Наранцогтыг "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Дэд сайдын албан тушаалаас албан ёсоор чөлөөлөгдөөд Эрдэнэс Монголын захирлаар ажиллах болсон гэж ойлгож болно.

Дараагийн асуудал Тавантолгойн төмөр зам болон Зүүнбаян төмөр замын асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад УБТЗ, Монголын төмөр зам, ТТТЗ, Зүүнбаян төмөр зам гэх мэт хэд хэд төмөр зам бий болсон. Ингэж олон компани байгуулагдаж ажиллаж байгаагийн хор уршгаар тухайн салбар нь өөрөө хөл дээрээ босож, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх чиглэл дээр ихээхэн дутагдал бий болж байна. УБТЗ ОХУ-тай хамтарсан байдаг учраас дангаараа үйл ажиллагаагаа явуулна. Харин Монгол Улсын хувьд өөрийн гэсэн үндэсний төмөр замын томоохон компанитай болох зорилт тавьж ирсэн байдаг. Тэгвэл хэдэн талд бий болоод байгаа төмөр замын компаниудыг нэгтгэх шийдвэр гаргалаа” гэв.