“Улаанбаатарын түгжрэлийг Билл Гейтс ч янзалж амжихгүй” гэж муугаа бусдад чихэхийн оронд тэднээс “автобус авах хандив гуй” Д.Сумъяабазар аа!

“Улаанбаатарын түгжрэлийг Билл Гейтс ч янзалж амжихгүй” гэж муугаа бусдад чихэхийн оронд тэднээс “автобус авах хандив гуй” Д.Сумъяабазар аа!

НИТХ-ын ээлжит 16-р хуралдаан уржигдар /2022.11.28/ болсон. Энэ үеэр хотын дарга Д.Сумъяабазар “үнэн тэнэг” гэж хэлж болох мэдэгдэл хийсэн юм.

Тэрээр, “1992 оны шинэ үндсэн хууль батлагдаад түүнээс хойших Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо 32 дахин өсөж 666 мянган даваад явж байна. Улаанбаатарт 420 мянган өрх байгаа. Бараг нэг өрх нэг машин, зарим нь хоёр машинтай байна. Түгжрэл бол гамшиг болчхоод байна. Энэ бол төлөвлөлтийн алдаа, хүн амын механик өсөлтийг зохицуулж чадаагүйн алдаа. 30 жил үргэлжилж ирсэн бодлогын алдааг бид гурав, дөрвөн жилд засна гэдэг амаргүй ажил. Энэ нөхцөл байдал дээр Билл Гейтс, Уорран Баффетийг аваад ир, дэлхийн томчуудыг авчирч ирээд үүнийг янзал гэвэл амжихгүй, хөөе” гэж мэдэгдсэн.

Үнэндээ, чөлөөт нийгэмд шилжээд Монгол Улс 30 жилийг өнгөрөөж байна. Чөлөөт нийгэмд хүн бүр үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө эзэмших эрх чөлөөтэй. Гэтэл хотын дарга Д.Сумъяабазар 30 жилийн өмнөх хувийн өмчгүй, унах унаагүй байсан үеийг бараг л санагалзаад, Үндсэн хуулийн эсрэг юм яриад сууж байна. Тодруулбал, Үндсэн хуулийн 16.3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй” гэж заажээ. Иргэдийн хөдлөх хөрөнгө бол автомашин нь. Мөн Д.Сумъяабазар, түгжрэл хүн амын механик өсөлттэй холбоотой гэж ярив. Гэтэл 16.18-д “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох эрхтэй” гэж заасан. Түүний шийдэл бол “иргэдийн зорчих, амьдрах эрхийг хязгаарлах”, шилжин ирэх хүмүүсээс татвар авах нь зөв аж.

-БИЛЛ ГЕЙТС, УОРРАН БАФФЕТ НАР БОЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ ЭРЧҮҮД ТӨДИЙГҮЙ ШИЛДЭГ ХАНДИВЛАГЧИД-

Мөн хотын дарга Д.Сумъяабазар өөр нэг “тэнэг зүйл” ярьсан нь “Билл Гейтс, Уорран Баффетийг аваад ир, дэлхийн томчуудыг авчирч ирээд үүнийг янзал гэвэл амжихгүй” гэж ярьсан юм. Харин тэдний хийж чадахгүй ажлыг Д.Сумъяабазар хийх гэж оролдож байгаа юм байх.

Үнэндээ, дэлхийн тэрбумтан Билл Гейтс, Уорран Баффет нар Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэж чадахгүй нь мэдээж. Учир нь Билл Гейтс бол мэдээллийн технологи, компьютерын программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Майкрософт компанийг үүсгэн байгуулагч, Уорран Баффет бол хөрөнгө оруулалтын бизнесийн хаан, бүх цаг үеийн хамгийн суут хөрөнгө оруулагч “Berkshire Hathaway” компанийн үүсгэн байгуулагч. Тэд хоёулаа Дэлхийн хамгийн чинээлэг эрчүүд төдийгүй шилдэг хандивлагчид.

Жишээ нь Уоррен Баффет жил бүр дунджаар 3 тэрбум ам.долларыг хүмүүнлэгийн үйлсэд хандивладаг нэгэн. Тэдний хандивын хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа.

Харин Д.Сумъяабазар бол Үндэсний бөхийн аварга, тэдний хаана нь хүрэхгүй нэгэн төдийгүй, жижиг улсын, жижиг хотын дарга төдий л амьтан. Гэтэл Д.Сумъяабазар Хятадаас ам.долларын зээл авч, “Баганан тулгуурт гал тэрэг” барина гэж ярих болсон. Гэтэл иргэд түүнийг агаарын тээвэр ярихын оронд автобусаа сайжруулахыг шаардаж байгаа. Иймд Д.Сумъяабазар Дэлхийн тэрбумтан Билл Гейтс, Уорран Баффет нараас “Тусгай замын автобус”-ны төсөлдөө санхүүжилт, хандив гуйсан бол “эрүүл сонсогдох” байлааСонирхуулахад, “Тусгай замын автобус төсөл”-ийг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж, Улаанбаатарт 2020 онд ашиглалтад оруулах гэж байв. Гэтэл хотын дарга С.Амарсайхан өөрийн хамаарал бүхий “Оюуны Ундраа” группийн анх санаачилсан дүүжин тээврээр хотын түгжрэлийг шийднэ гэснээр “Тусгай замын автобус төсөл”-ийн мөнгийг үргээсэн байдаг.