Ж.Ганбаатар: Хятад улсаас 24 мянган тонн дизель түлш захиалсан

Ж.Ганбаатар: Хятад улсаас 24 мянган тонн дизель түлш захиалсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат "ОХУ-ыг терроризмыг дэмжигч гээд зарлачихлаа. Хоригт орчих юм биш биз дээ. Өнөөдөр дизелийн түлш тасарсан, улс орноороо хямарсан байна. Гоё, сайхан болно гэсэн хаана байна. Би Дефолтод орох нь гэж хэлж байсан. Хэлж ярихгүй бол ялзардаг. Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс цаашгүй харанхуй, хөлдүү засагтай болчихоод байна. Ард түмнийхээ хэлж, ярьж буйг сонсохгүй ийм арчаагүй байж яаж болохгүй. Дотоодын компаниа дэмжсэн бодлого явуулахын оронд хараат болгох гээд хичээгээд байх юм. Нөгөө нефтийн үйлдвэр хаана байна" гэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Бидэнд өөр сонголт байхгүй. Дизель түлшний хувьд асуудал үүссэн гол шалтгаан нь ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбоотой. Үүнтэй холбоотойгоор, олон ажил хийж байна. "Роснефть"-ийн нийлүүлэлт хэвийн, трэйд компаниудын нийлүүлэлтэд хязгаарлалт хийсэн. Хятад улсаас 24 мянган тонн дизель түлш  захиалсан. Колонкуудыг дизельтэй байх асуудал бага багаар асуудал сайжирч байна. Дэлхий нийтээрээ, ОХУ-аас дизель түлшээ бэлтгэдэг бүх л улсад тохиолдож буй асуудал" гэлээ.