Э.Шижир: 40 тэрбумын бланстай, 14 тэрбумын үндсэн хөрөнгөтэй байсан Дарханы үйлдвэрээс юу авсан болоод 2.6 их наядын хохирол учруулсан гээд байгааг ойлгохгүй байна

Э.Шижир: 40 тэрбумын бланстай, 14 тэрбумын үндсэн хөрөнгөтэй байсан Дарханы үйлдвэрээс юу авсан болоод 2.6 их наядын хохирол учруулсан гээд байгааг ойлгохгүй байна

Засгийн газрын өчигдрийн /2022.11.30/ хуралдаанаар "Кью Эс Си" ХХК-ийн концесс хэрэгжүүлсэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хийсэн санхүүгийн хяналт, шалгалтын дүнг танилцуулсан.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөхдөө "Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-д хийсэн шалгалтаар Кю Эс Си ХХК концессийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Хяналт, шалгалтын нэгдсэн дүнгээр 2014-2021 онд концессын эрхийг хэрэгжүүлсэн компани нь 2 их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил гаргаж, шамшигдуулалт бий болгосон талаарх дүгнэлт гарсан. Эдгээр зөрчлийг хянаж, шалгах ажил АТГ-т явагдаж байна" гэж мэдэгдсэн билээ. 

Харин түүний уг мэдээллийг үгүйсгэж Кью Эс Си ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир тус мэдээллийг өглөө.

ВИДЕО: 

-Э.ШИЖИР: ТӨМӨР ЗАМ, АВТОЗАМ ЗЭРЭГ БИДНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛСАН АЖЛЫН ЗАРДЛЫГ "ШАМШИГДУУЛАЛТ" ГЭХ НЭРШИЛД БАГТААЖ, 2.6 ИХ НАЯДЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭЖ БУЙ НЬ ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА-

Тэрбээр "2010 оноос өмнө Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь 14 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 40 тэрбум төгрөгийн тайлан бланстай, 15 тэрбум төгрөгийн өртэй байсан. Ийм компанид Кью Эс Си компани хөрөнгө оруулалт хийгээд 2014 оноос концессын гэрээний дагуу бүрэн хэмжээний удирдлага менежментийн үйл ажиллагааг явуулж ирсэн. Гэтэл ийм компаниас юуг нь авсан гэж ямар хэмжээний хохирол учруулсан бол айхтар, айхтар том тоо хэлээд байна вэ. Ямар хяналт шалгалт хийсэн юм бэ, юунд тооцоолж энэ тоог гаргаж ирээд байгааг танилцуулах ёстой. Түүнийг харж байж бид зөв тайлбарыг хийнэ. Мөн манай компанийн хийж хэрэгжүүлсэн ажлыг огт дурдахгүй байна. Бид нараас  юу гарч, юу хийгдсэнг ярихгүй байна шүү дээ. Бидний оролцоогүйгээр үнэлэлт, дүгнэлт өгчхөөд гэв гэнэт буюу аль тавдугаар сард гаргасан шалгалтын дүнг одоо гаргаж буй хардлага төрүүлж байна. 

Тодруулбал, сүүлийн үед олон нийтийн дунд ихээхэн яригдаж буй нүүрсний хулгайн мэдээллийг дарах зорилгоор шалгалтын дүнг олон нийтэд дэлгэж байна уу гэж харж байна. Учир нь өчигдөр Д.Амарбаясгалан дарга хэлэхдээ "Нүүрсний хулгайн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгаж байна. Эцэслэн тогтоогдоогүй байхад нь мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн. Үүнтэй адил манай компанийн мэдээлэл ч шалгагдаж байна. Гэтэл эцэслэн тогтоогдоогүй байхад аль хэргийг нь олон нийтэд ил болгож мэдээлж алийг нь мэдээлэхгүй байна вэ. Нэг асуудалд хоёр өөрөөр хандаж байна. 

Түүнээс гадна Кью Эс Си компани нь автозам, төмөр замы барихдаа барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан ч барих-ашиглах болгож өөрчилсөн гэж өчигдөр мэдээлэлдээ дурдаж байна лээ. Өөрчлөх шийдвэрийг төр өөрөө л гаргасан. Тухайн төсөл амжилттай хэрэгжэд төрд шилжсэн байхад төлбөр тооцооны асуудлыг шамшигдуулсан гэж ярьж буй нь ойлгомжгүй байна" гэсэн юм.