Х.Нямбаатар: Нэг ээлжийн алба хаагчид нүүрсийг бүртгэлгүйгээр гаргаж байна

Х.Нямбаатар: Нэг ээлжийн алба хаагчид нүүрсийг бүртгэлгүйгээр гаргаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2022.12.07/ гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Нүүрсний хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах буюу дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг би ахална. Мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд нүүрсний хулгайн гэх хэргийн зарим нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байна. 

  • Нэгдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай байгуулсан гэрээний үнэ болон гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал бий болгосон эсэхийг тогтоохоор шалгаж байна. 
  • Хоёрдугаарт, Уртын болон богины тээвэрт бүртгэлгүй тээвэр хийгдсэн асуудлыг шалгана. 
  • Гуравдугаарт, Төмөр замын бүтээн байгуулалт буюу Оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг мөн шалгаж байна. Оффтейк гэрээг ил болгохыг олон нийтийн зүгээс шаардаж байгаа. Уг гэрээг гадны хөрөнгө оруулалтын байгууллагуудтай байгуулсан учраас гэрээний үндсэн нөхцөлд дурдагдсаны дагуу гэрээнд оролцогчийн саналыг авсны үндсэнд ил болгох ажлыг Гадаад харилцааны шугамаар хийх гэж байна. 
  • Дөрөвдүгээрт, Монгол Улсын хилээр бүртгэлгүйгээр бараа, тээврийн хэрэгсэл гарсан эсэхийг шалгахаар ажиллаж байгаа" гэв. 

Тэрбээр мөн "Ажлын хэсгийн чиг үүрэг бол мөрдөн шалгах байгууллагуудад дэмжлэг үзүүлэх юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх чиг үүрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй. Харин агентлаг, төрийн байгууллагуудаас гаргах мэдээллийг яаравчлуулна. БНХАУ-аас шаардлагатай мэдээллийг гаргуулна. Нэг жишээ хэлэхэд, Тавантолгойн нүүрс тээврийн үйл ажиллагаанд 9000 орчим тээврийн хэрэгсэл оролцож байна. Эдгээр 9000 тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчдийг тогтоох цаашлаад гааль хилээр нэвтрэхдээ ачаа бараатай байсан эсэхийг судлаж шалгах нэлээн нөсөр ажлыг зохион байгуулж байгаа.

Монгол Улсын хилээр гарахад хил гарсан эсэх тэмдэглээ зайлшгүй хийгдсэн. Нөгөө талд ачаатай гарсан тээврийн хэрэгсэл ч бүртгэгдэж байгаа. Энэ хоёрын зөрүүг гаргана. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл өгч нүүрсний хэрэг шалгах ажлын хэсгийг өргөтгөхөөр болсон. Орон нутгийн цагдаа нарыг татан оролцуулна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тодорхой албан тушаалтнуудыг дуудаж "Энэ хэргийг яаралтай шалгаж олон нийтэд хариулт өг" гэсэн. Та бүхэнд өдөр бүр мэдээлэл өгнө. Гааль болон хил хамгаалах байгууллагаас шалгагдаж байгаа албан тушаалтнууд бий. Өнгөрсөн наймдугаар сард Гашуунсухайтын боомтоор бүртгэлгүй нүүрс гаргах ажил явагдаж байсан. Үүнийг шалгахад нэг ээлжийн алба хаагчид бүртгэлгүй нүүрс гаргасан нь тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажлыг шуурхай явуулна. Гэм бурууг гарцаагүй хүлээлгэх зарчим үйлчилнэ. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал үүсэхгүй " гэв. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: