ШУУРХАЙ: “ЭТТ” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг мэдүүлгээ өгч эхэлсэн бөгөөд 17 албан тушаалтны нэрийг түүний мэдүүлгийн дагуу зарлажээ

ШУУРХАЙ: “ЭТТ” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг мэдүүлгээ өгч эхэлсэн бөгөөд 17 албан тушаалтны нэрийг түүний мэдүүлгийн дагуу зарлажээ

"Нүүрсний хулгайч" нарт хариуцлага хүлээлгэж, нэрсийг нь зарла гэх жагсагчдын тавьсан шаардлагын дагуу АТГ-аас өчигдөр /2022.12.13/ нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтны нэрийг зарласан.

Тодруулбал,

  • Ерөнхийлөгч асан Х.Баттулга
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир
  • Зам тээврийн сайд асан Д.Ганбат
  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  • УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд
  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
  • УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
  • УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
  • Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
  • Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
  • Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
  • “Эрхэт Монгол” группын захирал Х.Мандахбаяр гэх нэрсийг зарлав. 

Тэгвэл  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн өгсөн мэдүүлгээр дээрх албан тушаалтны нэрийг зарласан талаар эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр мэдүүлгээ өгч эхэлсэн бөгөөд холбогдогч нараа нэрлэжээ.

Түүнийг энэ сарын 7-8 /2022.12.07-08/-нд шилжих шөнө эхнэр, эгч болон бусад таван хүний хамтаар саатуулсан.  Тэрбээр нүүрснээс олсон мөнгөөрөө барилга барьж түүнийг нь эхнэр нь өөрийн үл хөдлөх хөрөнгийн компаниараа борлуулдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Тиймээс эхнэрийнхээ нөхцөл байдлыг харгалзан үзэж ийнхүү мэдүүлгээ өгсөн гэх.

Тэрбээр мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой ноцтой мэдээллийг ч мэдүүлгийг үеэрээ өгсөн гэх мэдээлэл байна.

Нүүрсний хулгайн асуудалд нэр холбогдсон албан тушаалтнуудын нэрс цаашид ч нэмэгдэх нь тодорхой байна. Өнөөдөр /2022.12.14/ Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх аж. Хэрвээ тус хууль өөрчлөлт батлагдвал 22.1 дүгээр заалтаар хэргээ "хялбаршуулах журам"-аар шийдүүлж, ял наймаалцан 40 сая төгрөгөөр торгодог байдлыг хална гэж буй. Жагсагчдын тухайд тус хуулийг өөрчлөхийг шаардаж байгаа юм.