Монголын анхны мотоспортын тамирчин эгч дүүс болох А.Анар, А.Алтжин нарыг энэ удаагийн Social ID буландаа онцоллоо.
ВИДЕО:
-Юуны өмнө урилгыг маань хүлээн авсан та хоёртоо баярлаа. Хамгийн анх мотоциклоор уралдсан түүхээс ярилцлагаа эхэлье.
А.Анар: Бид хоёр яг зэрэг хичээллэж эхэлж байсан юм. Бид хоёр чинь хоёрхон насны зөрүүтэй шүү дээ. Би найман настай, Алтжин зургаан настай байсан юм байна. Анх мотоцикл унахад шувуу шиг л мэдрэмж авч байсан санагддаг юм.
А.Алтжин: Аав маань мотоспортын тамирчин байсан нь бид хоёрыг энэ спортыг сонгоход маш том нөлөө үзүүлсэн гэж би боддог юм. Хэрвээ өөр мэргэжилтэй байсан бол би магадгүй мөсөн дээр уран гулгаад явах байсан байх.
-БИД ХОЁР САЙН ЯРИЛЦАЖ, БИЕ БИЕНЭЭ ОЙЛГОЛЦОЖ ЧАДДАГ БОЛОХООР Л АМЖИЛТ ГАРГАДАГ ГЭЖ БОДДОГ -
-Дүүтэйгээ нэг баг болж хамтдаа тэмцээнд оролцоход ямар байдаг вэ?
А.Анар: Энэ спортод дүүтэйгээ хамт уралдаж, бэлтгэл хийх маш гоё л доо. Их ханьтай байдаг. Нэг бодлын миний хамгийн том өрсөлдөгч гэж хардаг даа.
-Уншигчдад маань эгчийнхээ тухай ярьж өгөөч.
А.Алтжин: Манай эгч чинь хөөрхөн бор, сахилгагүй, их хөгжилтэй хүн байдаг. Эгчийгээ харахаар хайр хүрээд базаад авмаар санагдаад байдаг юм. Ганцхан тэмцээн ч гэлтгүй бүх зүйл дээр нөмөр нөөлөгтэй байж, бүх зүйл дээр минь тусалж дэмждэг хүн. Эгч маань бас заримдаа ааштай л даа, намайг загнаад л байдаг юм. Гэхдээ миний төлөө л гэж хэлж байгаа. Бид хоёр ер нь найзууд шиг л байдаг даа.
А.Анар: Төрсөн эгч дүү хоёр юм чинь хэрэлдэж муудалцах үе олон гарна шүү дээ. Ингэж ярилцсаны үндсэн дээр бид хоёр өөрсдийнхөө алдаа дутагдлыг мэдээд, илүү сайн ойлголцоод байна л гэж боддог юм.

-Аав нь бас мотоспорын тамирчин байсан хүн. Аавыгаа танилцуулвал...
А.Анар: Аавыг минь Амгалан гэдэг. ОУХМ цолтой тамирчин хүн байдаг юм. Silk way rali Дэлхийн цомын уралдаануудад бүгдэнд нь уралдаж байсан. Хамгийн том амжилт нь гэвэл Монгол Японы хамтарсан олон улсын ралид хүрэл медаль хүртэж байсан. Залуудаа уралдаж байгаад хоёр охин нь том болоод ирэхээр өөрөө уралдахаа болиод ерөнхийдөө бид хоёрын дасгалжуулагч гэдэг албан тушаал руу шилжсэн.
А.Алтжин: Аав минь миний хамгийн том үлгэр жишээ болдог хүн. Миний охин хүнтэй зөв харьцах ёстой, ингэж болохгүй гээд үргэлж намайг чиглүүлж байдар. Бас өөрөө их тусархүү хүн шүү дээ. Тийм болохоор намайг ч хүнд тус болоод ажлыг нь бүтээгээд өгчих гээд үргэлж захидаг юм. Би бол өөрийгөө аавынхаа A хувилбар нь л гэж боддог.

- МОТОСПОРТОД ЭРЧҮҮДЭЭС ИЛҮҮ АМЖИЛТ ГАРГАДАГ ЭМЭГТЭЙЧҮҮД Ч БИЙ -
-Мотоспортыг хүнд хэцүү, магадгүй эрчүүдийн спорт гэсэн ойлголт нийгэмд байдаг юм шиг санагддаг. Та хоёрын хувьд энэ спортоор хичээллэхэд ямар байдаг вэ?
А.Алтжин: Мотокроссын спортын хувьд монголын анхны эмэгтэй тамирчин нь эгч бид хоёр. Миний хувьд эмэгтэй хүн мотоспортоор хичээллэх нь харин ч давуу талтай гэж боддог. Учир нь эмэгтэйчүүд маш хянуур байдаг юм. Эрэгтэй хүнийг бодоход бага алдаа гаргадаг. Ийм техник спортод биеийн хүчний бэлтгэл чухал хэдий ч хамгийн чухал нь техниктэйгээ зөв харьцах байдаг юм. Тиймдээ ч эрэгтэй хүнээс илүү амжилт үзүүлдэг эмэгтэйчүүд ч олон байдаг.
А.Анар: Эмэгтэй хүн гээд тийм ч их хүнд зүйл мэдэрч байгаагүй. Гэхдээ бид нар цаг агаарын эрс тэс нөхцөлд уралдаж байгаа учраас харлаж борлох, нүүр ам халтартах асуудал л гардаг. Эмэгтэй хүний зүгээс бол гоо сайханд л бага зэрэг хүндрэлтэй байдаг даа.
-Тэгвэл хувь хүний хувьд мотоспортоос юу сурж авсан бэ?
А.Алтжин: Хувь хүний хувьд маш хатуужилтай болдог. Аливаа юмыг хэзээ ч болохгүй, бүтэхгүй юм байна гэж хаяхгүй л болчихдог. Яаж ийгээд л болгоё бүтээе гээд л тэмүүлдэг болдог юм билээ. Би сүүлийн тэмцээнийхээ сүүлчийн тойрог дээр дугуйнд маань маш том асуудал гарахад би түрүүлэхгүй юм байна ингээд хаячихая гэж бодох биш харин ч түрээд ч хамаагүй, өргөөд ч хамаагүй барианд оръё л гэж бодсон.
- АНХНЫ УРАЛДААНДАА ХУВЦАС ХЭРЭГЛЭЛГҮЙ ОРООД БИД ХОЁР МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ АВЧ БАЙЛАА -
- Хамгийн дурсамжтай тэмцээнээ хуваалцвал...
А.Анар: Хамгийн дурсамжтай тэмцээн гэвэл дүү бид хоёр анх уралдаанд орж байхад л хамгийн гоё байсан. Бид хоёр чинь анх мэргэжлийн хувцас хэрэглэлгүй биеийн тамирын өмд цамцтай, роликны хамгаалалт өмсчихсөн орж байсан юм. Бусад тамирчинд маш гоё мотоциклтой, бүрэн хувцас хэрэгсэлтэй байсан. Гэсэн ч бид хоёр хоёулаа медаль авч чадсан юм даа. Би мөнгөн медаль, дүү хүрэл медаль авч байсан гэж санаж байна.

-Мотоспорт бол зардал их шаарддаг спортын төрлүүдийн нэг л дээ. Санхүүгээ хэрхэн зохицуулдаг талаараа ярьж болох уу?
А.Алтжин: Ер нь л зардал мөнгө маш их шаарддаг. Багаасаа уралдаанд зарцуулсан мөнгөө тооцоод, хэрвээ уралдаагүй байсан бол энэ их мөнгөөр юу хийж болох байсан бол оо гэж бас боддог юм. Мотоциклтой уралдахад олон удаа ойчдог учир тэр тоолонд л хувцас маань элэгдэж, урагдаж байдаг. Дараагийн уралдаандаа зориулаад дахиад л авах хэрэгтэй болдог. Бас хүн л юм чинь таргалж, турна. Ялангуяа би сүүлийн жилүүдэд их таргалж, тураад, дээр нь нэмэгдээд жинсэн өмднүүд маань урагдаад байгаа. Тэрийгээ оёод л өмсөөд л байгаа даа.
- ЭГЧ БИД ХОЁР ДОЛОО ХОНОГИЙН ЗАЙТАЙ ЯГ НЭГ ТАЛЫНХАА ЭГМИЙГ ХУГАЛЖ БАЙСАН -
-Тамирчдын хувьд хамгийн том дайсан нь бэртэл гэмтэл байдаг шүү дээ. Гэхдээ бас тамирчин л хойно энэ асуудал тойрч гараагүй байх. Хамгийн хүнд бэртлийнхээ түүхийг яривал...
А.Алтжин: 2021 оны мотокроссын уралдаанд тэргүүлж явж байгаад, сүүлийн тойрог дээрээ доошоо урууддаг харайлтан дээр шидүүлээд, өнхрөөд уначихсан. Маш урт замыг туулж уралдсан учраас тэсвэрийн хувьд ядарчихсан байсан учир авч үлдэх боломж байгаагүй. Тэгээд босох гэсэн чинь нүд харанхуйлаад, босох гэсэн чинь мөрний орчим хөндүүрлээд хөдөлж болохгүй байсан. Яасан бэ гэсэн чинь миний эгэм хугарчихсан байсан. Тэр үед орж ирчихээд тайвширч чадахгүй, “Миний алтан медаль” гээд маш их уйлсан. Дараа нь эмч ирээд, тайвшруулах тариа хийж байж унтаад, эмнэлэгт сэрж байсан.
А.Анар: Манай дүү маш хүнд бэртэл авсан. Гэхдээ залуу хүүхэд байсан учир хурдан эдгэрсэн л дээ. Тухайн үед хамгийн эхэнд дүүгийн гараа дараа нь миний гараа байсан юм. Дүүгээ бэртэл авсны дараа зөрөөд уралдахдаа “ Би сайн уралдах хэрэгтэй” л гэж бодож байсан. Ер нь уралдааны туршид дүүдээ маш их санаа зовж байсан.
А.Алтжин: Тэр үед манай гэр бүлд маш хүнд байсан. Манай эгч дараа долоо хоногт нь уралдаж байгаад яг миний унасны цаад талын харайлтан дээр унаад бас эгмээ хугалж байсан. Яг надтай ижилхэн баруун талынхаа эгмийг хугалсан.

-Мото спортод мотоциклоор уралддаг олон төрөл бий. Тэдгээрээс хамгийн хүнд, хамгийн их ур чадвар, тэсвэр шаарддаг төрөл нь аль вэ?
А.Алтжин: Аль аль нь л хэцүү л дээ. Гэхдээ би бол рали гэж хэлнэ. Яагаад гэвэл, рали бол маш олон хоногийн уралдаан учир юу ч тохиолдож болно. Урт хугацааны тэмцээн учир тааварлашгүй их зүйл болдог гэж боддог юм. Үргэлж анхааралтай байхыг шаарддаг.
А.Анар: Сүүлд бид хоёр Чингис хаан ралид уралдсан юм. Манай дүү бол намайг бодвол ралид уралдсан туршлагатай. Гэхдээ машинаар уралдаж байсан. Харин мотоциклоор рали төрөлд уралдахад маш чанга. Хүн өөрөө өөрийгөө даагаад явж байна гэсэн үг. Маш том хариуцлага. Жоохон л анхаарал алдвал бэртэл гэмтэл гэдэг зүйл хүлээж байгаа учраас их хянуур уралдсан. Дүүгээ ралид бэлтгэх зорилгоор Чингис хаан ралид уралдаж замаа амжилттай дуусгаад ирсэн. Дөрөв хоногийн 1500 км уралдсан. Дүүгээ бэлтгэх нь эгч хүний үүрэг учир медалиас татгалзаад, дүүгээ сайн бэлдэж байгаад хоёулаа хамт медалийн тавцан дээр гарч зогсоё гэдэг байдлаар энэ уралдаанд оролцсон.
-Та хоёрын маань цаашдын мөрөөдөл, зорилго юу вэ. Энэ спортоороо үргэлжлүүлэн хичээллэсээр байх уу?
А.Анар: Манай спортын хувьд олимп гэж яригддаг уралдаан нь Дакар рали байдаг юм. Тиймээс миний зорилго бол дүүтэйгээ нэг баг болж энэ том тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцоод, амжилт үзүүлэх л байна даа.
А.Алтжин: Спортын карьерыг тултал нь л хөөнө дөө. Цаашлаад том баг үйлдвэрийн тамирчин болохыг мөрөөдөж байгаа. Бусад гадаадын тамирчид шиг амьдрахыг мөрөөддөг.
- Ярилцсанд баярлалаа.
