ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГИЙН 2021 ОНЫ МЭНДЧИЛГЭЭ: “Шинэ сэргэлтийн бодлого” гараанаас гарч, ОТ-н далд уурхайн ажил эхэлснээр Л.Оюун-Эрдэнийн үг л биеллээ олжээ

ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГИЙН 2021 ОНЫ МЭНДЧИЛГЭЭ: “Шинэ сэргэлтийн бодлого” гараанаас гарч, ОТ-н далд уурхайн ажил эхэлснээр Л.Оюун-Эрдэнийн үг л биеллээ олжээ

Хоёр он солигдох мөчид төрийн гурван өндөрлөг ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа том зургаар нь дүрслэн хэлдэг. Тэгвэл өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар юу ярьж, тэдний хэлсэн үг хэрхэн биеллээ олсныг isee.mn сайт онцолж байна.

-ЧИНГИС ХААНЫ ИШ ХӨРГИЙГ АЙЛ ӨРХ, АЛБАН БАЙГУУЛЛАГАД ЗАЛДАГ БОЛСОН НЬ БИЕЛЛЭЭ ОЛЖЭЭ-

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: -Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол айл өрх байж ирсэн, цаашид ч байх болно. 2022 он бол монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн жил байх болно. Сүүлийн жилүүдэд байгалийн баялгийнхаа үр шимийг нэмэгдүүлэх, хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газар, уул уурхайн ордууд, байгалийн баялгаа төр, ард түмнийхээ мэдэлд эргүүлж авахын төлөө хийсэн тэмцэл бодитой үр дүнд хүрч байна. Ирж буй 2022 онд Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байна. Монголчууд бид улс гүрнээ нэгтгэн, Их Монгол Улсаа байгуулж, дэлхий ертөнцөд монгол үндэстнийг тамгалан үлдээсэн Их эзэн Чингис хааныхаа үнэлж баршгүй гавьяа зүтгэлийг мөнхөд алдаршуулан, үзэл санаа, үүх түүх, итгэл үнэмшлийг нь үндэсний үнэт зүйл, бахархал болгон түмэн олноо түгээн дэлгэрүүлэх ёстой.

ДҮГНЭЛТ: Монгол улсын эв нэгдлийн бэлэг тэмдэг гэх утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эвтэй байх, үндэсний эрх ашигт нэгдэж улсаа хөгжүүлэхийг уриалжээ. Ийм ч учраас тэрбээр өөрийн институдын чадах хэмжээнд амлалт өгөх ёстой. Гэвч түүний хэлсэнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол айл өрх байсангүй. Харин ч эсрэгээрээ хаягдсан байх магадлалтай. Учир нь өдрөөс өдөрт үнийн өсөлтөд дарлуулж буй айл, өрхүүд эдийн засгийн хямралыг илүү их мэдэрч, энэ хэрээр эрүүл мэнд, боловсролын хэрэгцээгээ ч хүссэндээ авч чадахгүй байгаа учраас өнгөрсөн жил хоёр ч удаа тэсэрч Сүхбаатарын талбайдаа ширүүн хэлбэрээр жагссан билээ. Монгол төр гаргасан шийдвэр, баталсан хуулиа иргэдийн амьдралд яг хүрч хэрэгжиж чадаж байна уу гэдэгт л анхаарах ёстой юм.

Байгалийн баялгийг ч ард түмэнд тэгш хүртэж чадахгүй байгаа нь өнгөрсөн 20 хоногийн “Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан” жагсаалаас харж болно. Түүний амлалтаас ганц хэрэгжсэн нь Их эзэн Чингис хааныхаа үнэлж баршгүй гавьяа зүтгэлийг мөнхөд алдаршуулан, үзэл санаа, үүх түүх, итгэл үнэмшлийг нь үндэсний үнэт зүйл, бахархал болгож эхэлсэн ажил байв.

2021 онд түүний зарлигаар Чингис хааны иш хөргийг айл, өрх албан байгууллага бүр залсан билээ.

-Г.ЗАНДАНШАТАРЫН АМЛАЛТААС НЭГ НЬ Ч АЖИЛ ХЭРЭГ БОЛООГҮЙ БАЙНА-

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: Иргэдийнхээ эрхийг хангаж чадах эсэх нь ардчилсан ёс, ардчилсан Монгол Улс оршин тогтнох, эсэхтэй эн тэнцүү амин чухал асуудал юм. Баялгийн хуваарилалтыг тэгш шударга болгож, үр өгөөжийг улсын хөгжил, иргэдийнхээ сайн сайханд зориулах Үндэсний баялгийн, боловсрол мэдлэгийн үр шимийг дэлхийн түвшинд эзэмшин хүртэх Боловсролын шинэчлэлийг бид шинэ оны эхний хагаст багтаан бүрдүүлэх болно. Эрдэм боловсролтой, эрүүл чийрэг монгол хүний хөгжлийг тэтгэж, Халамжаас хөдөлмөрт шилжих Нийгмийн бодлогын хувьсгалаа амжилтад хүргэх нь чухал байна. Одоо бидэнд эдийн засгийн тусгаар тогтнол нэн чухал байна. Боломжтой бүхнээ өөрсдөө үйлдвэрлэж, бололцоотой салбар бүрт экспортын үйлдвэрлэл хөгжүүлж, дэлхийн түвшний техник, технологийг эзэмшсэнээр бид энэ тусгаар тогтнолд хүрч чадна. Энэ бүхнийг зөв мэргэн төрийн бодлого, сайн хуулиар л хэрэгжүүлнэ. Их ард түмнийхээ төлөөлөл Бага ард түмэн нь болох Монгол Улсын Их Хурал үүний төлөө хичээн зүтгэж байна. 

ДҮГНЭЛТ: Том зургаар нь түүний хэлсэн үг бүхэн эсрэгээрээ хэрэгжсэн жил өнгөрчээ. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн кейсүүд өнгөрсөн онд их гарч, баялгийн тэгш бус хуваарилалтыг эсэргүүцсэн хоёр ч жагсаал болж, утаанаас үүдэлтэй өвчлөлд хүүхдүүд дарагдаж, боломжтой бүхнээ өөрсдөө үйлдвэрлэх нь битгий хэл импортын урсгалд саад бий болж эсрэгээрээ бүх зүйлийн үнэ өсөв. Их ард түмний төлөөлөл Бага ард түмэн чуулганы хуралдааны ирцээ ч бүрдүүлж чадахгүй байгаа нь 2021 оны бас нэгэн "асуудал" болсон билээ. Тэрбээр УИХ-ын даргын үүднээс парламентын ардчиллыг хамгаалж, бэхжүүлэх, хууль батлах өнцгөөс амлалтыг илүү өгөх байжээ. 

-ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО ГАРААНААС ГАРЧ, ОЮУТОЛГОЙ АШИГЛАЛТАД ОРСОН Ч ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА-

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: -“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил гацсан Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ирэх жил эхлүүлэх боломж бүрдэнэ. Оюу толгойн хэлэлцээрийн үр дүнд 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор, Оюу толгой төслийн Монголын талын эзэмших 34 хувь үнэ төлбөргүй ирж, Монголчууд бид анх гэрээ байгуулж байсан ТЭГ гараан дээрээ дахин ирлээ. “Шинэ сэргэлтийн бодлого” амжилттай хэрэгжсэнээр эдийн засаг 2 дахин тэлж, 285 мянга гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөл хангагдаж, цар тахлын хүндрэлээс эдийн засгаа аварч чадна гэдэгт Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байна.

ДҮГНЭЛТ:Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалтаас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслийн эхлэлүүд тавигдаж Ханги-Зүүнбаян чиглэлийн 226.9 км төмөр ашиглалтад орж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлууд эхлэхэд бэлэн болж. Бусад нь хүлээлтийн байдалтай байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлж 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор, Оюу толгой төслийн Монголын талын эзэмших 34 хувь үнэ төлбөргүй ирж чадсан. Харин эдийн засгийн хүндрэлээс улс орноо аварч чадаагүй байгаа нь инфляци, ханшийн өсөлт, үнийн нэмэгдэл, гадаад өр зэргээс харагдаж буй билээ.