Цэц хэний төлөө байв? ном уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо

Цэц хэний төлөө байв? ном уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо

Цэц хэний төлөө байв? хэмээх ном 2023 оны босгон дээр мэндэлж байна. 1992 оны Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд Үндсэн Хуулийн Цэцийн олон нийтийн дунд дуулиан дэгдээсэн, ач холбогдол бүхий 16 шийдвэрийг тус ном өгүүлнэ. Хуульч Ү.Амарбат, Б.Ариунтуяа нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярьж буй энэ цаг хугацаанд тус номыг эрхлэн гаргаж байгаагаараа онцлог. Цэц өөрийн үнэт зүйлээ хамгаалж чадсан уу, нөлөөллөөс ангид байсан уу, хэний талд ажиллах ёстой юм бэ? зэрэг асуултад тус ном хариулт өгөхийг хичээжээ.

Хууль зөрчсөн хууль тогтоогч буюу тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдоржийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал, УИХ-ын гишүүдийн халдашгүй байдал, Эрдэнэтийн 49 хувь, Хөөн хэлэлцэх хугацаа, Давж заалдах эрх гээд иргэний болон улс орны амьдралд нөлөө үзүүлсэн шийдвэрүүдийг “Цэц хэний төлөө байв” ном багцалжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 30 жилийн хугацаан дахь анхаарал татсан 16 шийдвэрийн эргэн тойронд судалгаа хийж, үр нөлөө, ач холбогдлыг дурдсан байна.

Б.Чимид агсны “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” гэж хэлсэнчлэн улс орны ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Үндсэн хуулийн цэц хамгийн чухал үр нөлөө үзүүлдэг учир таны өдөр тутмын амьдралд нөлөөлж буй тэдгээр шийдвэрийн талаар уншигч та “Цэц хэний төлөө байв” номноос сонирхоорой.