С.Бямбацогт: Тээврийн харилцааг оновчтой болгож, авлига ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох зорилгоор Төмөр замын тээврийн тухай төслийг боловсруулсан

С.Бямбацогт: Тээврийн харилцааг оновчтой болгож, авлига ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох зорилгоор Төмөр замын тээврийн тухай төслийг боловсруулсан

Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбоотой бусад хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Манай улсын төмөр замын салбарт эрх зүйн шинэчлэл, цэгцлэх шаардлагатай олон асуудал байгаа юм. Үндэсний төмөр замын сүлжээний урт өнөөдрийн байдлаар 2,964.9 км болж өргөжжээ. 2022 онд Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр зам баригдсан. Үүнийг дагаад төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өсжээ. Өмнө нь төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч ганцхан байсан. Одоо суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болж нэмэгдсэн байна. Иймд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, эдийн засаг, нийгмийн нэгдмэл орон зайг бэхжүүлэх зорилгоор төмөр замын сүлжээ байгуулахад харгалзах хүчин зүйлийг тодорхойлж хуульд тусгах шаардлага үүссэн хэмээн салбарын сайд танилцууллаа.

Хуульд шинэчлэлт хийснээр үүсэх таатай боломжуудыг дурдвал:

-Төмөр замын тээвэрлэлттэй холбоотой суурь харилцаа тодорхой, оновчтой болж, авлига ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоож, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог хангах, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээ сайжирч, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашиг нэмэгдэнэ.

Мөн төмөр замын ажилтны нийгмийн баталгаа сайжран тогтвортой ажиллах нөхцөл боломж бүрдэнэ, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хуулийн хийдэл, зөрчил давхардал арилж, зохицуулалтгүй байгаа зарим харилцаа тодорхой болно.Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүйн орчин сайжирч, олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт техник технологи эзэмших, инновац нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж бүрдэж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх юм.

А.Сүнчигмаа