УДШ-ийн журам өөрчлөгдөж, "С.Эрдэнэд байх АН-ын тамга чадамжгүй болсон" тул тэрээр хуульч н.Батбаяртайгаа муудалцжээ

УДШ-ийн журам өөрчлөгдөж, "С.Эрдэнэд байх АН-ын тамга чадамжгүй болсон" тул тэрээр хуульч н.Батбаяртайгаа муудалцжээ

Өнөөдөр /2023.01.10/ орой 18:00 цагт С.Эрдэнийн талын АН-ын Удирдах зөвлөлийн хурал болсон байна.

Ингээд энэ хурлынхаа үеэр С.Эрдэнэ Улсын дээд шүүх /УДШ/-ээс 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдөр “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-д оруулсан өөрчлөлтөөс болж, хуулийн зөвлөх н.Батбаяртайгаа муудалцаж, юм шидэлцэж нэлээдгүй маргалдсан байна. Харин тэдний маргааныг УИХ-ын гишүүн Д.Ганбат болон МҮАН-ын дарга асан Б.Цогтгэрэл нарын хүмүүс салгажээ.

Улмаар энэ үеэр С.Эрдэнийн бие гэнэт муудсан тул, түргэн тусламж эмч нар яг одоо “Шонхор таур”-т хүрэлцэн очиж, түүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж эхлээд байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.

Мөн зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, түүний эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа бөгөөд саяхан нэгэн ресторанд үйлчлүүлж байхдаа, бие нь гэнэт муудаж, эмнэлгийн яаралтай тусламж авсан ажээ. 

Сонирхуулахад, УДШ-ээс өөрчлөн баталсан “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам” ёсоор С.Эрдэнийн гарын үсэг болон тамга нь ямар ч эрх зүйн чадамжгүй болоод байгаа аж. Улмаар ирэх Баасан гараг /2023.01.13/-т хуралдах АН-ын ҮБХ-ны хурлаар тодрох АН-ын дараагийн даргыг УДШ бүртгэж авах эрх зүйн нөхцөл байдал бүрдсэнд С.Эрдэнэ бухимдаж, ийнхүү хуулийн зөвлөх н.Батбаяртайгаа муудалцан, бие нь муудаж эмнэлгийн түргэн тусламж аваад байгаа бололтой.