ШУУРХАЙ: Хотын дарга асан Су.Батболд, УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа нар Төрийн албан зөвлөлийн гишүүнд нэр дэвшжээ

ШУУРХАЙ: Хотын дарга асан Су.Батболд, УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа нар Төрийн албан зөвлөлийн гишүүнд нэр дэвшжээ

Одоогоос зургаан жилийн өмнө Улсын Их Хурлын Тамгын газраас Б.Баатарзориг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас С.Цэдэндамба нарыг Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн гишүүнд нэр дэвшүүлж, тэднийг УИХ-аас зургаан жилийн хугацаатайгаар томилсон.

Тус гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, үүнтэй  холбоотойгоор сул орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлаад байсан юм. Тэгвэл эл хугацаа өчигдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 9-ны өдөр дуусаж, нэр дэвшигчид тодорчээ.

Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Хотын дарга асан Су.Батболд, УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа, , БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа, ТАЗ-ийн Сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын хэлтсийн дарга Л.Санжрагчаа, ТАЗ-ийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам нарын найман хүн нэр дэвшиж, бүртгүүлсэн байна.

-ХОТЫН ДАРГА АСАН СУ.БАТБОЛД ТАЗ-ИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИХЭЭР ТӨРИЙН ОРДОНД ЭРГЭЛДЭХ БОЛЖЭЭ-

Хотын дарга асан Су.Батболд сүүлийн үед Төрийн ордноор эргэлдэх болсон нь түүнийг ямар нэгэн албан тушаалд очих нь гэх хардлагыг төрүүлээд байсан. Тэрбээр ч энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өөрийгөө улстөрч гэхээс илүүтэй төрийн хар хүн юм уу, төрийн алба хаагч болно” гэж боддог хэмээсэн байв. Тэгвэл Хотын дарга асан Су.Батболд Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшин өрсөлдөхөөр ийнхүү Төрийн ордноор эргэлдэж байжээ.

-ХУУЛЬ БУС ТОМИЛГООТОЙ ХОЛБООТОЙГООР АТГ-Т ШАЛГАГДАЖ БАЙСАН Ц.ЦОГЗОЛМАА ТАЗ-Д ОЧИХООР БҮРТГҮҮЛСЭН БАЙНА-

Хотын Засаг даргын орлогч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд зэрэг албыг хашиж байсан Ц.Цогзолмаа нь өдгөө УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа. Тэрбээр сайдаар ажиллаж байхдаа хууль бус томилгоо гэгдэж, АТГ-т шалгагдаж байсан удаатай. Тэгвэл тэрбээр энэ удаад ТАЗ-ийн гишүүнд нэр дэвшихээр ийнхүү материалаа өгсөн байна.

-Л.ЦЭДЭВСҮРЭН БШУЯ-НЫ ТНБД-ААС ЧӨЛӨӨЛӨГДӨЖ, ТАЗ-Д ОЧИХ “ТОХИРОО” ХИЙЖЭЭ-

Боловсрол шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Л.Цэдэвсүрэн нь Засгийн газар солигдсоны дараа Ковидын хуулиар тус яамны ТНБД-ын албан тушаалд томилогдсон. Тэрбээр төрийн албаны тусгай шалгалтаа өгч жинхлээд байгаа ч Ковидын хуулиар томилогдсон гэх шалтгаанаар эл албанаас нь чөлөөлөгдөж, ТАЗ-д очих тохироо хийсэн гэх мэдээлэл байна.