Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний хулгай, хөгжлийн банкны хэрэг шийдэгдэхгүй замхарч байгаа нь гажуудал. Шүүх үнэн ажиллана гэдэгт итгэж байна

Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний хулгай, хөгжлийн банкны хэрэг шийдэгдэхгүй замхарч байгаа нь гажуудал. Шүүх үнэн ажиллана гэдэгт итгэж байна

Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл чуулга уулзалт төрийн ордонд хаалттай хэлбэрээр үргэлжилж байна.

Чуулга уулзалтад аймаг, нийслэл бүрээс аймгийн удирдлага, хоёр хүртэлх иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулж байгаа аж. Улс төрийн намуудын төлөөлөл, Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан депутатуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, салбар бүрийн төлөөлөл, нийслэл хотын төв талбайд жагсаал цуглаанд оролцогч иргэдийн төлөөлөл 10 гаруй иргэн гээд нийт 600 гаруй хүн оролцож байна.

Ард түмний төлөөллийн зүгээс Ерөнхий сайдад тавьж буй шаардлагуудаас дурдвал, “Монголд хуулийг дээдлэх үйл ажиллагаа алдагдсан учраас өнөөдрийн ийм байдал үүссэн. Иймд Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ерөнхий сайдад авч хэлэлцэхийг санал болголоо. Одоо тоо өөрчилж давхар дээл нөмрөхөө болих хэрэгтэй байна. Мөн манай төр засаг хөдөө сумуудад анхаарал тавьдаггүй. Орхигдсон газар их бий. Анхааралдаа авч ажилламаар байна” гэсэн юм.

Мөн иргэдийн төлөөллөөс иргэдийн дунд ноён IZ нэрээр танигдсан иргэн Г.Ирээдүй хэлэхдээ, “Ерөнхий сайдаа эцсийн байдлаар хэзээ нүүрсний хулгайчдаа зарлах вэ? Хүүхдүүд ханиад хүрээд цэцэрлэг сургуульдаа явж чадахгүй байна. 17 настай хүүхэд өнөөдөр улс төрчид та бүхэнтэй хэрүүл хийгээд, хариуцлага нэхээд явж байна. Түүний хүүхэд насыг та нар хулгайлсан шүү” гэхэд хариуд нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Би ерөнхий сайдын хүрээнд үндсэн хуулийн хүрээнд ажиллах ёстой. Ерөнхий сайд шүүгчийг томилдоггүй. Үүнийг иргэд маань ялгаж салгаж ойлгоорой. Нүүрсний хулгай, хөгжлийн банкны хэргийг засаг гаргаж тавьсан. Гэхдээ ихэнх асуудлууд шийдэгдэхгүй хугацаа удаж, замхарч байгааг гажуудал гэж харж байгаа. Бид шүүх үндсэн хуулийнхаа эрх зүйн хүрээнд шүүхийнхээ шийдвэрийг дагахаас өөр аргагүй. Шүүх маань үнэн ажиллана гэдэгт итгэж байна” гэв.

А.Сүнчигмаа