Б.Жавхлан: Төрийн хэмнэлтийн тухай хуулиар 189.1 тэрбум төгрөгийг урсгал зардлаас хэмнэсэн

Б.Жавхлан: Төрийн хэмнэлтийн тухай хуулиар 189.1 тэрбум төгрөгийг урсгал зардлаас хэмнэсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "2022 оны төсөв 2.4 их наядын алдагдалтай байхаар батлагдсан. Улсын төсвийн тэнцэл сайжирч гарсан. ДНБ-ийн 5.1 хувьтай тэнцэх байсан алдагдал 2.1 хувь болж гурван хувиар буурсан. Мөнгөн дүнгээр 1.4 их наяд төгрөгийн тэнцлийн сайжирсан үзүүлэлт юм. Орон нутгийн төсөв 218.4 тэрбум төгрөгийг ашигтай, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 250 тэрбумын алдагдалтай гарчээ. Төсвийн тэнцэл сайжирсан үзүүлэлттэй гарахад дараах макро үзүүлэлтүүд нөлөөлсөн.

Эдийн засгийн өсөлт 2022 оны эцсээр 2.6-3 хувийн хооронд байна гэж тооцоолж байсан бол 4 хувьд хүрлээ. Төсвийн алдагдал 2.4 их наяд гэж тооцоолж байсан ч 979.3 тэрбум төгрөг болж буурлаа. Ийнхүү төсвийн алдагдлыг бууруулах чиглэлд шат дараатай арга хэмжээг авсны дүнд ийм үр дүн гарлаа. 12.5 тэрбум долларын экспорт хийж чадлаа. Импорт ч нэмэгдсэн. Худалдааны тэнцэл сайжирч нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлт болон төсвийн алдагдлыг бууруулахад нөлөөлөл үзүүлсэн.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг өнгөрөгч оны тавдугаар сард баталсан. Маш сайн үр дүнгүүдийг өгч байгаа. 189.1 тэрбум төгрөгийг урсгал зардлаас хэмнэсэн. Мөн 29.5 тэрбум төгрөгийг тендерийн хэмнэлтээр авсан. Нийт хэмнэлтийн зардал 218.6 төгрөг боллоо. Өнгөрсөн жил 136.8 сая доллараар үлдээд байсан Чингис бондын эцсийн үлдэгдлийг төсвөөс шууд төлж 100 хувь барагдууллаа. Мөн энэ жилийн эцсээр ДНБ-ий 70 хувьтай тэнцэх байсан өрийн үлдэгдэл маань 56.6 хувиар бууруулж барьж чадлаа. Үүнийг цаашид бууруулах, өсгөхгүй байх нь дараагийн том зорилт болж байна" гэв.