ТЭТГЭВРИЙН РЕФОРМ: Тэтгэврийг таван жилээр тогтоох бөгөөд өвлүүлж, урьдчилж авч хэрэглэх боломжтой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ

ТЭТГЭВРИЙН РЕФОРМ: Тэтгэврийг таван жилээр тогтоох бөгөөд өвлүүлж, урьдчилж авч хэрэглэх боломжтой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ

-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХИЙЖ ЧАДСАН ТОМООХОН РЕФОРМ БОЛЖ МЭДНЭ-

  • Тэтгэврийг таван жилээр тогтоох ёстой
  • Насаараа улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч хэт бага тэтгэвэр авч үр шимийг нь хүртэж чадахгүй байна
  • Аав, ээж минь улсад 30 жил татвар төлсөн ч тэтгэвэрт гарахынхаа өмнөхөн “бурхан” болсон учир хоосон үлдсэн. Үр хүүхэд бид нарт эцэг, эхийнхээ төлсөн татвараас үр ашиг хүртэх боломж алга.
  • Ээж минь нас барсны дараа тэтгэврийн зээл нь бидэнд үлдсэн.
  • Гадны улс оронд тэтгэвэртээ гарсан бол аялж, амардаг бол монголын ахмадууд эсрэгээрээ хүртээмжгүй бага мөнгөөр амь зуудаг гэх мэт асуудлаар иргэд шүүмжлэл, бухимдлаа илэрхийлсээр ирсэн. Энэ бүхнийг шийдэхээр зарим улстөрч, байгууллагууд хувийн тэтгэврийн тогтолцоог өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн ч төдийлөн амжилт олоогүй билээ. Тэгвэл сүүлийн 30 жилийн нийгмийн даатгалын хэвшсэн тогтолцоог засах өөрчлөлтийг Засгийн газраас эхлүүлжээ.

Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж өчигдөр /2023.01.10/ байнгын хороогоор хэлэлцүүлсэн бол маргааш чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж байна. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагааны хугацаан дахь томоохон шинэчлэлүүдийн нэг ч байж мэдэх юм.

ВИДЕО: 

-ТЭТГЭВРИЙГ УРЬДЧИЛАН АВЧ БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД, ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГААНДАА ӨГЧ БОЛНО. ИНФЛЯЦЫН ТҮВШИНТЭЙ УЯЛДУУЛАН АВТОМАТААР НЭМЭГДЭНЭ-

Тус хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж, эдгээр саналуудыг нэг бүрчлэн ярилцах аж. Нийгмийн даатгалын хуульд дараах өөрчлөлтүүдийг оруулахаар тусгажээ.

  • Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ. Олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ
  • Тогтолцооны буюу системийн өөрчлөлт хийхийн тулд хуваарилалтаас аажмаар хуримтлалд шилжинэ
  • Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй
  • Тэтгэврийн зөрүүг арилгана
  • Жил бүр ахмадын тэтгэвэр инфляцын түвшинтэй уялдан автоматаар нэмэгддэг болно

-МАЛЧДЫН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 5 ЖИЛИЙН 50 ХУВИЙГ УЛСААС ХАРИУЦАН ТӨЛНӨ. БУСАД ХУГАЦААГ МАЛЧИД ӨӨРСДӨӨ ХАРИУЦНА-

  • Тэтгэвэр бодох дараалсан 7 жилийг 5 жил болгон бууруулна
  • Хувийн нэмэлт тэтгэврийг хүлээн зөвшөөрнө. Хувийн нэмэлт тэтгэврийн дансандаа хуримтлуулсан мөнгөнөөсөө урьдчилан авч боловсрол, эрүүл мэнд, орон сууцны урьдчилгаандаа зарцуулах боломж нээгдэнэ
  • Албан журмаар болон сайн дураар даатгуулагчийн нийт шимтгэлээс 2 хувийг хуримтлалд шилжүүлнэ. Тэтгэврийн нөөц сан бүрдүүлж хуримтлалд шилжих эхлэлийг тавина
  • Даатгуулагчийн нэрийн дансыг мөнгөжүүлнэ. Мөнгөжүүлсэн тохиолдолд өвлөгдөнө. Мөнгөжүүлсэн орлогоо боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа зарцуулах нөхцлийг бүрдүүлнэ
  • Хамрагдалтыг нэмэгдүүлнэ. Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 5 жилийн 50 хувийг улсаас хариуцан төлнө. Бусад хугацааг малчид өөрсдөө хариуцна

-АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖИЙГ ОЛГОХДОО ТӨРСНИЙ ӨМНӨ 60, ТӨРСНИЙ ДАРАА 80 ХОНОГ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛНЭ-

  • Олон жил ажилласныг урамшуулдаг тэтгэвэрийн бодолтыг оруулна. Цалингийнхаа 80 хүртэл хувиар тэтгэвэрээ тогтоон авдаг болно
  • Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоолгох, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлох зорилгоор итгэлцүүр хэрэглэнэ. Тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ
  • Нийгмийн даатгалын санхүүгийн найдвартай байдлыг бий болгож, нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангана. Сангийн мөнгийг найдвартай санхүүгийн хэрэгсэлд оруулна
  • Нийгмийн даатгалын засаглал, менежментийг олон улсын жишигт нийцүүлнэ
  • Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ
  • Амаржсаны тэтгэмж олгох хугацаа төрөхийн өмнө 60, төрсний дараа 60 байсан. Үүнийг өөрчилж төрсний өмнө 60, төрсний дараа 80 хоног болгож нэмэгдүүлнэ
  • Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тогтоодог болно. Ингэснээр даатгуулагчийн авах тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ
  • Эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн, эрхтний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгодог болно. Тэтгэмж олгох хугацаа 66 хоног байсныг 132 болгох зохицуулалтыг оруулна
  • Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эх, эцгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг төрөөс хариуцна
  • Төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авах шударга зохицуулалтуудыг санал болгоно

-ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДДЭГ БАЙХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ОРУУЛНА-

  • Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ хүрсэн түвшнээсээ буурахгүй, нэмэгддэг байх зохицуулалтуудыг оруулна
  • Хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, эмчлэх, даатгуулагчийг хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд даатгал дэргэдээ эмнэлэгтэй болно
  • Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацаанд ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг чөлөөлдөг болно
  • ҮОМШӨ даатгалыг эрсдэлтэй гэж үзсэн салбаруудаас бүхэлд нь өндөр хувиар авдаг байсныг болиулан зөвхөн эрсдэлтэй ажлын байруудаас өндөр авч, бусад энгийн ажил мэргэжлээр багаар авдаг болох зохицуулалтыг оруулсан
  • Нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг дахиж хэрэгжүүлэхгүй байх зохицуулалтыг тусгасан
  • Нийгмийн даатгалын харилцааг олон салбарын хуулиар биш ганцхан нийгмийн даатгалын хуулиар зохицуулна
  • Нийгмийн даатгалын бүх үйлчилгээг цахим болгох олон шинэлэг зохицуулалтыг тусгав

 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө