Оймсондоо 10 мянган ам.доллар нуусан Н.Баярсайханд 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оноож байв

Оймсондоо 10 мянган ам.доллар нуусан Н.Баярсайханд 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оноож байв

Сүүлийн үед төрийн албан хаагчдын гэр болон хамаарал бүхий объектуудаас их хэмжээний мөнгийг холбогдох албаныхан илрүүлээд байгаа. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 05-ны өдөр /2023.01.05/ УБТЗ-ын албан тушаалтан иргэн С.Б-ийн гэрээс 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх дөрвөн төрлийн валют бэлнээр, мөн зургаан орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ болон бусад эд зүйлийг хураан авсан юм.

Тэгвэл 2019 онд уг хэрэгтэй төстэй их хэмжээний мөнгөтэй холбогдож, оймсондоо мөнгөө нуусан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын  хэлтсийн дарга асан Н.Баярсайханы хэргийг хэрхэн шийдвэрлэж байсан талаар дахин сануулъя.

Хэргийг эргэн сануулахад, Н.Баярсайханы албан өрөөнд АТГ-аас гэнэтийн шалгалт явуулж улмаар их хэмжээний мөнгө гарсан бичлэг олон нийтэд ил болсон. Тус бичлэгт гарсанчлан тэрбээр боодол ам.долларыг оймсондоо нуусан байсан нь баригдаж, Н.Баярсайхан, Э.Аззаяа нар нь 126 удаагийн үйлдлээр 702 сая төгрөгийн авлига авсан нь тогтоогдсон юм. Тухайн үед түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оноож байсан. Тус хэргийн холбогдогч нараас нийт хураан авсан 639 сая төгрөгийн улсын орлого болгож байв.