"Нүүрсний" хэрэгт яллагдагчаар татагдаад буй Д.Дагвадоржийн хэргийг 2020 онд АТГ-ын саналаар  “Гэмт хэргийн шинжгүй хэмээн” Прокурор хааж байжээ

"Нүүрсний" хэрэгт яллагдагчаар татагдаад буй Д.Дагвадоржийн хэргийг 2020 онд АТГ-ын саналаар “Гэмт хэргийн шинжгүй хэмээн” Прокурор хааж байжээ

“Тавантолгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадоржийг өдгөө нүүрсний хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татаад байгаа билээ.

Түүнийг Монгол Улсын хилээр 2 сая 186 мянга тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361.4 мянган тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1624 удаагийн давтамжтайгаар хилээр гаргаж, нууцаар, хууль бусаар нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан талаар прокурорын байгууллагаас мэдээлсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар “Тавантолгой транс” ХХК нь “Тавантолгой” ХК-аас хууль бусаар нүүрс хулгайлсан байж болзошгүй гэх хэрэг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн үйл баримт авагдсан байдаг. 

Тэгвэл "Тавантолгой Транс" ХХК болон "Тавантолгой" ХК-тай холбоотой авлига албан тушаалын хэргийг хуулийн байгууллагаас 2018 онд шалгаж байсан ч хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн саналаар Нийслэлийн прокурорын газар /НПГ/-аас “гэмт хэргийн шинжгүй” хэмээн хааж байжээ. 

Тодруулбал,

  • “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн нэр бүхий гишүүд нь “Тавантолгой транс” ХХК-д нийт 181 мянган тонн нүүрсийг 4,64 ам.доллараар хямдруулан тооцож, 840 мянган ам.доллар буюу 1 тэрбум 506 сая 454 мянга 100 төгрөгийн борлуулалтын үнийн хөнгөлөлтийг үзүүлсэн байна.
  • “Тавантолгой транс” ХХК нь 2013 онд эх үүсвэр нь тодорхойгүй 288 мянган тонн нүүрсийг гадаад улсад экспортолсон,
  • “Тавантолгой” ХК-д өгөх их хэмжээний өглөгийг хоорондын тооцоогоор хаасан,
  • Үнэ шилжилт хийх замаар тус компанид давуу байдал олгосон,
  • 2013-2017 онд ТУЗ-ийн гишүүдэд 19 хүн ажилласан байх бөгөөд тэдгээрт сар бүр олгодог цалин хөлснөөс гадна үр дүнгийн урамшуулалд 1 тэрбум 133 сая 634 мянга 400 төгрөгийг олгож, ТУЗ-ийн хараат бус гишүүдэд нөлөөлсөн

байж болзошгүй гэх үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Харин 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр АТГ-аас хэргийг хаах саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн аж. Уг саналыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор хянаад долдугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн прокурорын 287 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэж байжээ. Товчхондоо өдгөө яллагдагчаар татагдаад буй Д.Дагвадоржид холбогдох хэрэг 2018 онд шалгагдаж эхэлсэн ч хэргийг АТГ-ын саналаар НПГ-аас хааж байсан аж.