ВИДЕО: "Таарах дугуй" байхгүйн улмаас 10 жил зогсож буй цас цэвэрлэх автомашиныг 60 мянган ам.доллароор нийслэлд нийлүүлж байжээ

ВИДЕО: "Таарах дугуй" байхгүйн улмаас 10 жил зогсож буй цас цэвэрлэх автомашиныг 60 мянган ам.доллароор нийслэлд нийлүүлж байжээ

Энэ оны нэгдүгээр сарын 03 /2023.01.03/-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа Байнгын хорооны хуралдааны үеэр, “Замын нуухны цасыг авдаг автомашины дугуйг хүлээгээд хоёр жил болж байна. Хот тохижилтын газарт хоёрхон автомашин байдаг бөгөөд тэр нь ажиллахгүй зогсож байна” гэж мэдээлж байсан юм. Тэгвэл ямар учраас цас цэвэрлэдэг автомашины дугуй хүлээгдэж, удаж байгаа болоод техник хэрэгслийн талаар бид сурвалжиллаа.

ВИДЕО:

Анх 2013 онд тухайн үеийн “Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас нийт дөрвөн ширхэг Америкийн “Bobacat” цас цэвэрлэгч автомашиныг худалдан авч байжээ. Ингэхдээ тухайн үеийн ханшаар 60 мянга гаруй ам.доллароор дагалдах сэлбэг хэрэгсэлтэй нь цуг авч байсан гэх бөгөөд түүнээс хойш тохирох дугуй байхгүйн улмаас огт ашиглаагүй байна. Харин 2016 оны аравдугаар сард “Улаанбаатар нэгтгэл” татан буугдаж Хот тохижилтын газар, Улаанбаатар зам ашиглалт, Геодези, усны барилга байгууламжийн газар болж гурав хуваагдсан бөгөөд улмаар тус дөрвөн цас цэвэрлэгч автомашиныг Хот тохижилтын газар хоёр, Улаанбаатар зам ашиглалт нэг, Геодези, усны барилга байгууламжийн газар нэг гэх зэргээр хувааж авч байжээ.

Энэ талаар Хот тохижилтын газрын авто баазын ерөнхий инженер Ө.Ганболдтой ярилцаж тодрууллаа.

-Саяхан Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа цас цэвэрлэгч автомашин дугуйгүйн улмаас зогссон байна гэж мэдээлсэн. Тус автомашины дугуйны олдоц тийм ховор байдаг юм уу?

-Анх 2021 оны дөрөвдүгээр сард тус автомашины дугуйны тендер зарлаад нийт найман дугуй ирэх ёстой байсан. Тухайн үед гурван ч удаа тендер зарлаад 2021 оны 11 сард нэг компани ялсан. Гэтэл яг ковид болоод хил хаачихлаа гээд оруулж ирэхгүй бидэнд бичиг цаас өгөөд гэрээгээ сунгаад шалтаглаад явж байсан ч 2022 оны дөрөвдүгээр сард “бид нар чадахгүйн болилоо” гээд гэрээгээ цуцалчихсан. Ийм л зүйл болсон.

-Дахиж тендер зарласан уу?

-Сая 2022 оны арваннэгдүгээр сард дахиж нэг компани шалгараад өнөө маргаашдаа оруулж ирэхээр ажиллаж байгаа.

-“Bobcat” цас цэвэрлэгч энэхүү автомашины дугуйг монголд огт зардаггүй гэж ойлгож болох уу?

-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энд хийтэй дугуй хийж болдог. Манай энэ техник чинь дороо эргэлдэж ажилладаг. Тийм учраас хийтэй дугуй хийчихээр амархан эвдэрчихдэг юм. Монголд MSM-д таарах хийтэй дугуй нь байгаа хэдий ч обуд таарахгүй. Одоогоор үүнд таарах цул дугуй монголд байхгүй.

-Таарах хийтэй дугуйг нь хийгээд ажиллуулж үзсэн үү?

- Яг энэ чинь Америк техник л дээ Америкийн Bobcat гэж нэрлэдэг. Хүмүүс яахав Герман гэж яриад байгаа юм. Би энэ зун гаргаж үзсэн. Дугуй нь доголдоод зам дээр хачин юм байна билээ. Эндээс гараад явахад хүртэл хэцүү явахад үнэхээр хүндрэлтэй.

-10 жил огт ашиглагдаагүй гэгдээд байгаа шүү дээ?

-2013 онд орж ирээд 10 жил болж байгаа учраас яах аргагүй наслалтаараа үндсэн өөрийнх нь хөдөлгүүрээс авхуулаад жаахан үйлчилгээ хийх шаардлагатай болоод байгаа.