Ц.Даваасүрэн: Том хөрөнгө оруулалт дагаж банк орж ирнэ. Манайд тэр нь байхгүй

Ц.Даваасүрэн: Том хөрөнгө оруулалт дагаж банк орж ирнэ. Манайд тэр нь байхгүй

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Энэ хууль өмнө нь нэг хөндөгдөөд буцсан. Тэр үед гадаадын улс орнуудын төрийн өмчийн компани хөрөнгө оруулалт хийж болохгүй гэх асуудлаар буцаж байсан. Бидэнд гадаадын ямар нэг томоохон салбар дамжсан банк байхгүй байгаа шалтгаан юу юм. Манай улсад Рио Тинто, Оюу толгой ХХК-ийг дагаж хоёр том банк орж ирэх гэж байсан. Гэтэл бид гэрээ байгуулахдаа Оюу Толгой ХХК-ийн мөнгийг оруулж ирэхгүй байж болно. Гадаадад хадгалж, зарцуулж болно гэсэн. Түүнээс болж гаднын банк орж ирэх хаалга хаагдсан. Том хөрөнгө оруулалт дагаж банк орж ирнэ. Манайд тэр нь байхгүй байна. Энэ биднээс болсон асуудал. Цаашид бас нэг анхаарах асуудал нь үнэт цаас. Гадаадын зах зээлд үнэт цаас босгож, гаргасан ч энэ нь Монгол Улсын өр гэж тооцогддог. Оюу Толгой ХХК-ийн өр мөн адил Монгол Улсын өр гэж тооцогдоод 12 тэрбум доллар болсон байна. Цаашид энэ тал дээр анхаарах шаардлагатай. Мөн хөрөнгө оруулалтын хууль дээр Монгол банк анхаарал тавих хэрэгтэй. Банкнууд анхаарал хандуулаагүйн учир Хөгжлийн банкны асуудал үүссэн" гэлээ.

Байнгын хорооны төлөөлөл "Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд байгаа заалтын дагуу үйл ажиллагаа явагдана. Хуулиас давсан асуудалд Монгол банк зөвшөөрөл олгоно. Хэрэв төрийн өмчит хуулийн этгээд зөвшөөрөл хүсвэл хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтын дагуу Монгол Улсын ЗГ-аас буюу Эдийн засаг, Хөгжлийн яамнаас урьдчилсан зөвшөөрөл авч байгаа. Мөн Төв банкны зүгээс тухай бүрд нь хяналт тавьж явна" гэв.