М.Оюунчимэг: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн зарцуулалтыг харахад  иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг өгөх бүрэн боломж байна

М.Оюунчимэг: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн зарцуулалтыг харахад иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг өгөх бүрэн боломж байна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-аас зохион байгуулсан. Энэхүү сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 1072 хувьцааны талаарх өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "УИХ-ын тогтоол амьдрал дээр гараад хэрэгждэг байх ёстой. Тэгэхгүй бол нүүрс тойрсон асуудал хэдэн их наяд, тэрбум гэж янз янзын тоо яриад байдаг. Бодит амьдрал дээр яг хэдий хэмжээний хохирол учруулаад байгаа юм. Нууцын гэрээг яаж байгуулсан юм. Гэрээний заалтууд ямар байгаа юм. Цаашид бид нууцын гэрээ байгуулах уу. Үгүй юу гэх мэт олон асуудал байгаа. Иймд бид цаашдаа оптик гэрээг байгуулахгүй байя. Цаашид олон улсын хэмжээний гэрээ, хэлэлцээр хийхдээ заавал УИХ-аар оруулж хэлэлцдэг байх саналуудыг энэ хуульд тусгасан.

Мөн Эрдэнэс Тавантолгой ХК 2019 оны ноогдол ашгаа өгсөн. Ингэхдээ хоёр сая 171 мянган иргэнд 154 тэрбум төгрөгийг олгосон. Харин 2020, 2021, 2022 оны ноогдол ашгийн хувьцааг олгоогүй. Энийг олгох ёстой. Одоо яригдаж байгаа их хэмжээний мөнгөнүүдийг сонсоход иргэдэд ноогдол ашгийг нь өгөх бүрэн боломж байгаа нь харагдаж байна.

Эрдэнэс Тавантолгой ХК 2021 оны дөрөвдүгээр сард 336.6 тэрбум төгрөг, 119.7 сая ам.доллар, 2021 оны наймдугаар сард хоёр дахь удаагаа 519.4 тэрбум төгрөг, 53 сая ам.долларын хоёр бонд гаргасан байгаа юм. Энэ бондын зарцуулалтыг бид мэдэх эрх байгаа. Энийг тайлагнах нь чухал байгаа. Уг нь бонд гаргасан гол зориулалт нь Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам дулааны станц барих, гэсэн ч баригдаагүй. Тэгэхээр ийм мөнгө босгочхоод нууцын гэрээнд Эрдэнэс Тавантолгой ХК мөнгө гаргасан уу гэх маш тодорхойгүй асуудал байгаа учраас бид энэ тогтоолоор энэ зүйлд тодорхой заалт оруулж, нийтэд ил болгох ёстой. Энэ мэтчилэн тооцоо судалгаанаас харахад иргэдэд ноогдол ашгийг нь олгох бүрэн боломжтой гэж үзэж байна" гэлээ.