Г.Амартүвшин: Гаднын шинэ банк оруулж ирэхэд босгыг бид заахгүйгээр Монгол банк тогтоох байдлаар нөхцөлийг бүрдүүлж байна

Г.Амартүвшин: Гаднын шинэ банк оруулж ирэхэд босгыг бид заахгүйгээр Монгол банк тогтоох байдлаар нөхцөлийг бүрдүүлж байна

Өнөөдрийн УИХ-ын Засгийн газрын хуралдааны завсарлагааны үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хөрөнгө оруулалтын банкны тухай болон гаднын банк орж ирэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Арилжааны банкууд өөрсдийнхөө зах зээлийг хамгаалж гаднын банк шинэ өрсөлдөгч оруулж ирэхгүй байх сонирхол бий. Ийм шалтгаанаар олон жил тус хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй гацсан байх гэж бодож байгаа. Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулахад өөрийн хөрөнгийн 500 тэрбум төгрөгтэй байх ёстой гэсэн босго тавьсан байсан. Гаднын шинэ банк оруулж ирэхэд нөхцөлийг арай уян хатан болгож, босгыг бид заахгүйгээр Монгол банк тогтоох байдлаар нөхцөлийг бүрдүүлж байна.

Хуулийн төсөлд 200 тэрбумаар банк өөрийн хөрөнгөө бүрдүүлсэн тохиолдолд нэг зээлдэгчид гурав дахин буюу 600 тэрбумын зээл өгөх боломж бүрдэж байгаа.

Тэгэхээр томоохон ААН-д бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Харин хяналт шалгалтад анхаарах хэрэгтэй. Өнөөдөр гишүүд уул уурхайн компаниудын лицензүүдийг хэт бага үнээр барьцаалчхаад зээл нь чанаргүй болсон тохиолдолд барьцаалсан лицензээ хурааж аваад гадны этгээдэд шилждэг гэх талаар ярьж байна. Үүнд Монгол банк маш сайн хяналт тавина. Бид ажлын хэсэг дээр хэлэлцэхдээ хэрэв лиценз хураагдах тохиолдолд хүрвэл ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэсэн өөрчлөлт оруулсан байгаа. Арилжааны банкуудтай үйл ажиллагаа давхцахын хувьд гаднын банк орж ирлээ гэхэд манай арилжааны банкнуудтай зөвхөн том ААН-ийн зах зээлтэй өрсөлдөнө. Бусад иргэд болон жижиг дунд бизнест өрсөлдөхгүй. Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь харилцах дансыг зөвхөн өөрийнхөө санхүүжүүлж байгаа төсөл дээрээ нээнэ. Өөрөөр хэлбэл харилцах дансны болон картын үйлчилгээ үзүүлэхгүй гэж заасан. Өнөөдөр сүүлийн хоёр чиглэл өгсөн дахин боловсруулах ёстой байсан зарчмын санал дээр саналаа хураасан. Маргааш эцэслэн батална” гэлээ.