Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорих хугацаа нь дуусахаас өмнө суллажээ

Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорих хугацаа нь дуусахаас өмнө суллажээ

"Лайвчин" гэх иргэн Д.Мөнх-Эрдэнийг "Гэмт хэрэг үйлдэж болзошгүй" хэмээн прокурорын саналаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр нэг сарын хугацаатай цагдан хорьсон билээ. 

Тэгвэл өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр түүнийг сулласан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Мөнх-Эрдэнэ нь цагдан хорих таслан сэргийлэх шүүгчийн захирамжинд гомдол гаргаж, уг асуудлыг шүүхээр хэлэлцэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах шийдвэрийг гаргасан байна. 

Эргэн сануулахад Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “...Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн байдаг.

Уг саналыг тус шүүх мөн өдөр хянан хэлэлцээд хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг судалж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдсон тул яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэж байсан юм.