Жүжигчин У.Цогтбаяр, Домог IZ нар хүний эрх, хууль хэрэгжүүлэх энгийн ч мэдлэггүй гэдгээ илтгэх мэдэгдлийг хийжээ

Жүжигчин У.Цогтбаяр, Домог IZ нар хүний эрх, хууль хэрэгжүүлэх энгийн ч мэдлэггүй гэдгээ илтгэх мэдэгдлийг хийжээ

Үндсэн хуулийн 16.16-т “Монгол улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Иргэд энэ эрхээ эдэлж өнгөрсөн сард /2022.12/ “Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох”-ыг шаардан Сүхбаатарын талбайд 20 хоног жагссан.

-У.ЦОГТБАЯР, ДОМОГ IZ НАР ХУУЛИЙГ ЗӨРЧИХИЙГ МАГАДГҮЙ ИРЭЭДҮЙД ХАМГИЙН ИХЭЭР ХОР ТАРЬЖ МЭДЭХ ЖИШГИЙГ ТОГТООХЫГ ХҮСЭВ-

Тус эсэргүүцэлд манлайлал үзүүлж оролцсон СТА, жүжигчин У.Цогтбаяр, Домог IZ буюу Г.Ирээдүй нар уржигдар /2022.01.11/ Төрийн ордонд болсон  “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл чуулга уулзалт”-ын үеэр дахин шаардлага тавьж, үр дүнг нэхэв. Ингэхдээ зарчмын бус, хуулиас давсан нэхэлд хариулт ирж, бухимдсан нь олны анхаарлыг татсан юм. Тодруулбал, Жүжигчин У.Цогтбаяр “Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэдэг болгох хэрэгтэй. Хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж өгөөч. 17 нэрсийг зарласан. Гэтэл энэ 17 хүнийг шоронд хийгээч. Өнөөдөр шоронд хэн байгаа юм. Шударга ёс шаардсан хүний эгч л байна шүү дээ” гэсэн бол Домог IZ “Ерөнхий сайдаа эцсийн байдлаар хэзээ нүүрсний хулгайчдаа зарлах вэ”  гэсэн юм.  

Гэтэл тэд шаардлага тавихдаа хуулийг зөрчихийг магадгүй ирээдүйд хамгийн ихээр хор тарьж мэдэх жишгийг тогтоохыг хүсэв. Учир нь манайх эрх зүйт төртэй, хууль дээдлэх, сахих зарчимтай улс.

Энэ зарчим хамгийн зөв бөгөөд бид дагаж мөрдөж байгаа л юм бол АТГ, Цагдаа, прокурор хэргийг шалгаж дүгнэлт гаргасны үндсэн дээр шүүх эцсийн шийдвэрийг гаргана. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй бол хэн ч, хэнийг ч гэм буруутан гэж үзэхгүй. Энэ процессоор нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүсийг холбогдох хууль хяналтын байгууллагууд нь шалгаж шүүхээс гэм бурууг тогтоосны дараа У.Цогтбаярын шаардсанчлан шоронд хийх эсвэл өөр хариуцлага хүлээлгэх ёстой юм. Бусдын шаардлагаар АТГ-аас зарласан 17 нэрний эзнийг шууд шоронд хорьчихвол шүүхийн шийдвэргүй хэнийг ч хорьж болох хортой жишиг тогтох үндэс болно. Хууль хяналтын байгууллагаас эцсийн байдлаар гэм бурууг тогтоогоогүй байхад өчнөөн хүний нэр зарлаж олон нийтээр дүүжлүүлээд, яллаад байвал У.Цогтбаяр, Домог IZ хоёрын тунхаглан яриад хүний эрхийг нөгөө нэгний эрхээр зөрчсөн буруу эргэлт болох юм.

Энэ бол нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг эсэргүүцэж буй санаа огт биш бөгөөд гагцхүү хуулийн дагуу, хуулийн процессоор л шийтгэх асуудлын тухай юм.