Г.Тулга нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүх хурлыг ирэх сарын 14-нийг хүртэл хойшлуулав

Г.Тулга нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүх хурлыг ирэх сарын 14-нийг хүртэл хойшлуулав

Нууцаар цэргийн бэлтгэл сургуулилалт хийсэн гэх "Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхөнд холбогдох хэргийнн шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан ч хойшилжээ. 

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Д.Батсайхан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Төмөрзориг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд шилжүүлжээ. 

Шүүгдэгч Д.Банзрагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь “...Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчилгээ, оношилгоо хийлгэхээр явж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх,

Мөн Г.Тулгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нь “...Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтүүдийг холбогдох баримтуудын хамт шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг, Б.Баатарсайхан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй байх тул шүүгдэгч Д.Банзрагч, Г.Тулга нарын өмгөөлүүлэх эрхээр хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Т.Төмөрзориг, Д.Батсайхан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Шүүх хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 14-ний 09.00 цагт товлосон байна.