1990 онд 2 дугаар ангийн сурагч байсан Л.Оюун-Эрдэнэ өдгөө МАН-ын дарга, ЕС хийж байхад, 1990 оны залуу С.Эрдэнэ, Х.Баттулга нар АН-д зай тавьж өгөхгүй байна

1990 онд 2 дугаар ангийн сурагч байсан Л.Оюун-Эрдэнэ өдгөө МАН-ын дарга, ЕС хийж байхад, 1990 оны залуу С.Эрдэнэ, Х.Баттулга нар АН-д зай тавьж өгөхгүй байна

Энэ долоо хоногт 10 орчим тэрбум төгрөг хадгалж байсан УБТЗ-ын орлогч дарга С.Батдөл цагдан хоригдож, Чингис бондын 137 сая ам.долларыг өрийг Засгийн газар төлж, барагдуулснаа зарласан бол, АН-аас салж хагацахгүй гэсэн С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хэрүүл, тэмцэл үргэлжилсэн долоо хоног болж өнгөрч байна.

-АН-ЫН ЭВЛЭРЛИЙН ГЭХ УУЛЗАЛТЫГ САРНИУЛАХ С.ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГА НАР САРНИУЛАХ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ ХИЙВ ҮҮ-

Тодруулбал, өчигдөр /2023.01.12/ болсон АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн “эвлэрлийн хурал”-ыг С.Эрдэнийн тал эсэргүүцэж “хууль бус, хүчингүй” гэж мэдэгдэн, улмаар Х.Баттулгын АН-тай хамтарч ажиллахаар болсноо зарласан юм.

Хачирхалтай нь, С.Эрдэнэ өнөөдрийг хүртэл, “Оросын тавиул Х.Баттулгаас АН-аа хамгаалж байна” гэсэн утгатай мэдэгдэл хийсээр өдийг хүрсэн ч, “АН-ын гишүүд тэдэнгүйгээр эвлэрнэ” гэхээр тэрээр Х.Баттулга нар хамтарч ажиллахаар болж байгаа нь С.Эрдэнэ өнөөдрийг хүртэл худал ярьж, хугацаа хожиж байсан уу гэсэн хардлагыг төрүүлэхэд хүргэж байгаа юм.

Мөн С.Эрдэнэ өчигдөр /2023.01.12/ МҮЭСТО-нд “Үндэсний зөвлөгөөн” гэх арга хэмжээг хийж АН-ын “эвлэрлийн хурал”-ыг сарниулах арга хэмжээ авлаа гэх хардлагыг зарим хүмүүс хийхэд хүргэж байгаа юм. Харин нөгөө талд нь Х.Баттулгын тал “Их эвлэрэл”-ийн хурал нь хүчинтэй бус гэсэн утгатай мэдээллийг хийж ирэх сарын 28 /2023.02.18/-ны өдөр АН-ын ээлжит бус Их хурлыг зарлаж буйгаа мэдэгдлээ. Энэ нь мөн л АН-ын эвлэрлийн хурлыг сарниулах ажиллагаа гэх дүгнэлтийг зарим хүмүүсийг хийхэд хүргэж байгаа аж. Товчхондоо, энэ бүхэн нь Х.Баттулга, С.Эрдэнэ нарын 60 хүрсэн өвөө нар АН-аас салж, залууст зайгаа тавьж өгөх ямар ч хүсэлгүй байгааг илтгэж байлаа.

-АРДЧИЛСАН ХУВЬСГАЛААР ЕБС-ИЙН 2 АНГИД СУРЧ БАЙСАН Л.ОЮУН-ЭРДЭНЭ МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙНА-

Тэгвэл 1989-1990 оны Ардчилсан хувьсгалыг одоогийн АН-ын хуучин лидерүүд хийсэн гэдэг. Харин тэднийг 33 жилийн өмнө энэ хувьсгалыг хийж байхад одоогийн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий боловсролыг сургуулийн 2 дугаар ангийн сурагч байжээ. Харин тухайн үеийн бага ангийн сурагч өнөөдөр Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа байна.

Мөн ЗГХЭГ-ын дарга МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ЕБС-ийн 1 дүгээр анги, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 6 дугаар ангийн сурагчид байсан бол тухайн үедээ 30 настай байсан ч өдгөө 60 насны босгыг алхсан АН-ын өвөө нар тус намаас салж, залууст зайгаа тавьж өгөхгүй зууралдсаар байна.

Сонирхуулахад,  сүүлийн 33 жилийн хугацаанд МАН-ын даргаар Ж.Батмөнх, Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр, Н.Багабанди, М.Энхболд, С.Баяр, У.Хүрэлсүх гээд 13 хүн ажилласан байна. Эдгээр эрхмүүдийн ихэнх нь улс төрөөс холдож, өдгөө ач зээгээ тойруулаад гавьяаны амралтаа эдлэн суугаа. Гэтэл 2000 оноос хойш АН Д.Дорлигжав, М.Энхсайхан, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ нарын долоон даргын нүүрийг үзсэн бөгөөд эдгээр эрхмүүдийн ихэнх нь тус намтайгаа зууралдаж, улс төрийн хор гутгасан хэвээрээ л байгаа гэж хэлж болно.