"Бэрэн" группийн хувьцаа эзэмшигч Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ казино тоглосон уу

"Бэрэн" группийн хувьцаа эзэмшигч Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ казино тоглосон уу

Өнөөдөр /2023.01.16/ Хөгжлийн банкны УИХ-ын түр хорооны нотлох баримт шинжлэн судлах сонсгол боллоо. Тус сонсголоор 11 компанийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.  

ҮЗЭХ: 

Хөгжлийн банкнаас Бэрэн группт 2013 онд 27,2 сая доллар, 2017 онд 18 сая ам долларын зээл олгосноос  7.2 сая долларыг зориулалтын бусаар ашигласан аж. Үүнээс гадна 32 удаагийн үйлдлээр 1.2 сая долларыг бэлэн мөнгөөр гаргаж авсан, 28 удаагийн гүйлгээгээр 3.1 сая долларыг хамаарал бүхий компаниуд руу шилжүүлсэн. Уг 4.4 сая долларыг ямар зориулалтаар ашигласан нь тодорхойгүй, дансны аргаар хөөж үзэхэд бүрэн нотлогдоогүй гэж шинжээчид дүгнэв. 

Бэрэн группийн зээлтэй холбоотойгоор

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монгол Улсын Засгийн газар 2013 оны долдугаар сарын 6-ны өдөр төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай тогтоол гаргасан. Уг тогтоолын төсөл гурван зүйлтэй. Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр Монголд хэрэгтэй, барилгын арматурын үйлдвэр хэрэгтэй, тэрийг барьж байгуулахад шаардлагатай 50 сая хүртэлх, ам.доллартой тэнцэх хөгжлийн санхүүжилтийг хавсрах ёсоор баталсугай гэж байгаа юм. Тэгэхээр энэ хэрэг 2018 оноос хойш явж байгаа. Би сайн мэдэхгүй байна. УИХ дээр бүрэх эрх түдгэлзүүлнэ гэхээс гурав хоногийн өмнө намайг уг тогтоолоор яллагдагч болгосон юм. Засгийн газрын гишүүд ярилцаж байж шийддэг асуудалд яагаад Ерөнхий сайд нь яллагдагч болдог билээ гэж асуусан. Н.Батбаяр та хоёр энийг өгчихсөн юм байна гэдэг. 2013 оны долдугаар сарын 8-ны өдөр бодлогын зөвлөлийн 12 дугаар хурал гэж болсон. Би энэ материалыг та бүхэнд өгөөгүй. Гурван хурал дамжуулаад төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих үү үгүй юу гэж ярьсан. Хамгийн сүүлд долдугаар сарын 9-ны өдөр Засгийн газарт оруулж ирээд, ерөөсөө төмөрлөгийн үйлдвэрийг дэмжье Монгол Улс аль болгон арматурын үйлдвэргүй суух вэ гээд бодлогын шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэхдээ намайг “та 50 сая ам.доллар өг” гэж хэлсэн байна шүү дээ гэж байгаа юм. Та нар унш даа. Хавсралтад 4 компанийн нэр байгаа. Тэр дөрвөн компанийн хоёр хүснэгт бий. ҮАБЗ-ийн тогтоол юу гэж гарсан гэхээр “та нар үйлдвэр дэд бүтцийг дэмжих нь зөв шүү. Гэхдээ нийт хөрөнгө оруулалтынх нь гуравны нэгээс илүүг өгч болохгүй шүү. Тэгвэл эрсдэл учирна” шүү гэх агуулгатай.

Монгол метал майнинг холдинг, Монлаа ХХК, Монголросцвет гэх дөрвөн компани бодлогын зөвлөлд бид Монголд ийм үйлдвэр байгуулмаар байна, хөрөнгө оруулалт 152 сая ам.доллар байна гэж оруулж ирсэн байдаг. Харгалзах сайд нар оруулж ирэхдээ ҮАБЗ-ийн дагуу эхлээд 30 хүртэлх хувийг өгнө гээд 50 сая ам.долларын тухай ярьдаг. Гэхдээ Засгийн газрын тогтоолд 50 сая ам.доллар өгнө гэж хараагүй. Хууль хяналтын байгууллага хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зарчмаар ажилладаг юм билээ. Хувь хүнийхээ хувьд би нэг төгрөг Хөгжлийн банкнаас аваагүй. Нэг төгрөгийн зээл өгүүлээгүй. Бэрэн группд надад таньдаг хүн байхгүй. Ийм улаан, цайм юманд Бэрэн группд давуу тал олгосон гээд байгаа. Энэ бол Н.Алтанхуягийн асуудал биш.

Хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр: Манайх групп компани, компани хоорондын гүйлгээ хийдэг. Бид авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан. Бусад компаниудаас харилцан гүйлгээ хийх тохиолдол гардаг. Биднийг АТГ шалгаж байгаа учир нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Миний данс руу мөнгө орсон ч төсөлдөө л зарцуулсан. Зарим захиалга өгөхдөө бэлнээр тооцоо хийх тохиолдол байсан. 

Бэрэн группийн гүйцэтгэх захирал М.Цэлмэг:  Зарчмын хувьд зориулалтын дагуу ашигласан. 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Та мөрийтэй тоглоом тоглодог уу. Таны гүйлгээг үзэхэд Макао чөлөөт бүсийн казиногийн АТМ-аас маш их бэлэн мөнгө гарсан байна. 2018 оны нэгдүгээр сарын 31-ээс эхлээд гарчээ. Сингапурын казиногийн АТМ-аас мөн бэлэн мөнгө гарсан байна гэв. 

Харин Бэрэн компанийн захирал Б.Мөнхтөр: Би гүйлгээгээ шүүх дээр баримтаар нотлох болно. Би мөрийтэй тоглодоггүй. АТГ шалгаж буй учир бусад мэдээллийг хэлэх боломжгүй. Бадамжунай гэж улстөрчийг мэднэ.