"Иргэдээс ирэх шүүмжлэл"-ээс болж хотын дарга Д.Сумъяабазар бухимдан, Шадар сайд С.Амарсайхантай маргалджээ

"Иргэдээс ирэх шүүмжлэл"-ээс болж хотын дарга Д.Сумъяабазар бухимдан, Шадар сайд С.Амарсайхантай маргалджээ

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудаас үүдэн нийслэлийн иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч зарим нь хотын дарга Д.Сумъяабазарт хариуцлага тооцохыг шаардаж буй. 

Сүүлийн долоо хоногт гэхэд л нийтийн тээвэрт ашиглахаар 200 гаруй автобусыг авахдаа нэг бүрийг 253.5 сая төгрөгөөр захиалж хийлгэсэн улмаар нэг цэвэрлэгээний машиныг 125 сая буюу хэт өндөр үнээр худалдан авалт хийсэн гэх шүүмжлэлд өртөж татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулахыг иргэд шаардаж байгаа юм. Энэ мэт олон жилийн ужгирсан асуудалд бухимдсан иргэд өчигдрөөс /2023.01.17/ эхлэн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын гадна жагсаж Д.Сумъяабазарыг огцрохыг шаардаж. 

Тэгвэл иргэдийн бухимдсан асуудлаас үүдэн өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын бүлгийн Удирдах зөвлөлийн дотоод группт хэрүүл болж, Д.Сумъяабазар бухимдлаа илэрхийлэн зарим нөхдөө үг, хэлээр доромжилжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хотын дарга Д.Сумъяабазар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан нар муудалцсан байна. Улмаар С.Амарсайханд хандан "Чи энэ бүхнийг хийж байгааг мэдэж байгаа. Аятайхан байгаарай. Ил үзэх нүүртэй байх хэрэгтэй. Чиний хотын даргаар ажиллаж байхдаа тарьсан балаг, баас хоёрыг би цэвэрлэж байгаа шүү" зэргээр хэлж харааж, зүхжээ. 

Харин Шадар сайд С.Амарсайхан хариуд нь "Хүнийг гүтгэх хуультай. Намайг гүтгэх хэрэггүй" зэргээр хариулсан байна. Ямартай ч зай чиггүй Д.Сумъяабазарт очих шүүмжлэл, бухимдал, жагсаал цуглаан зэрэг нь МАН-ынхныг муудалцахад хүргэсэн нь энэ аж. Одоогоор Д.Сумъяабазарыг огцруулах асуудлыг Засгийн газрын түвшинд яриагүй гэх ч хотын нөхцөл байдал эндээс сайжрахгүй, иргэдийн бухимдал өссөөр байвал түүнд хариуцлага тооцох асуудлыг зайлшгүй хэлэлцэх биз ээ. Ташрамд дурдахад, Д.Сумъяабазар, С.Амарсайхан нарын хувьд эртнээс харилцаа муутай байсан билээ.