Л.Гантөмөрийг АН-ын дарга болгохоор "Увсын фракц"-ын Д.Дорлигжав, О.Цогтгэрэл нар ажиллаж эхэлжээ

Л.Гантөмөрийг АН-ын дарга болгохоор "Увсын фракц"-ын Д.Дорлигжав, О.Цогтгэрэл нар ажиллаж эхэлжээ

Өнгөрөгч Баасан гараг /2023.01.13/-т АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд хуралдаж, “намын даргаа ирэх Пүрэв гараг /2023.01.19/-т сонгох журам”-аа баталсан.

Харин АН-ын даргад УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, С.Бямбацогт, З.Нарантуяа, НИТХ-ын тэргүүлэгч асан Ц.Баатархүү нарын 5-6 хүн нэр өрсөлдөнө гэдгээ “Эвлэрлийн ажлын хэсэг”-тээ уламжилсан гэж буй. Тэгвэл АН-ын даргын гол өрсөлдөөн УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, С.Баярцогт нарын дунд болох магадлал өндөр байгаа аж. Иймд ч өчигдөр /2023.01.16/ Ерөнхийлөгч асан Х.Баттулга “нэр дэвшигч С.Баярцогтыг шүүмжилж” цэцийн гадна мэдээлэл хийсэн бололтой. Товчхондоо, АН-ын даргыг сонгох санал хураалт нэлээдгүй өрсөлдөөнтэй болох төлөвтэй байна.

Харин нөгөө талд “хувь хүн нь сул” ч Л.Гантөмөр чамьгүй өрсөлдөж байгаа аж. Учир нь түүнийг дэвшүүлж, түүнд санал өгүүлэх ажлыг “Увсын фракц” буюу Д.Дорлигжав, О.Цогтгэрэл нарын Увс аймгийн МАН болон АН-ын хүмүүс ажиллаж байгаа аж.

Тухайлбал, өмнө нь АН-ын даргын сунгаанд О.Цогтгэрэл ялалт байгуулахдаа, Ерөнхий нарийн бичгийн даргаараа Л.Гантөмөрийг ажиллуулж байсан юм. Тэгвэл энэ удаа улс төрийн “Увсын фракц”-ын Д.Дорлигжав, О.Цогтгэрэл, цаашлаад ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдорж нар АН-ын даргад Л.Гантөмөрийг дэвшүүлж, санал өгүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Тодруулбал, АН-ын ҮБХ-ны гишүүд рүү Увс аймгийн МАН, АН-ын гишүүд утасдаж "Л.Гантөмөрийг дэмжээд өг" хэмээн гуйж, ярьж байгаа ажээ. 

Сонирхуулахад, Л.Гантөмөр нь 1973 онд Увс аймагт төрж, улмаар 1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгссөн нэгэн юм. Мөн парламентад Увс аймгаас сонгогдсон О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга болоход Д.Дорлигжав, Ц.Нямдоржийн нарын оролцоо их байсан гэдэг. Нөгөө талаар О.Цогтгэрэлээр дамжин Ерөнхийлөгч асан Х.Баттулга ч АН-ын даргад зарим нэр дэвшигчдийг шүүмжилж байж магадгүй юм.