Төрийн албан тухай хуулийн журмыг гүйцэд батлаагүйгээс "Цүнх баригч"-д ТНБД, агентлагийн дарга болох нөхцөлийг бүрдүүлжээ

Төрийн албан тухай хуулийн журмыг гүйцэд батлаагүйгээс "Цүнх баригч"-д ТНБД, агентлагийн дарга болох нөхцөлийг бүрдүүлжээ

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа өнгөрсөн сарын 31 2022.12.31//-ний өдөр дуусгавар болсон.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын энэ сарын 11 /2023.01.11/-ний өдрийн хуралдаанаар Ковидын хуулиар томилогдсон долоон яамны Төрийн нарийн бичгийн дарга болон 11 агентлагийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл тэдний оронд чухам ямар хүмүүс томилогдох нь өдгөө олны анхаарлыг татаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Ковидын хуулиар томилогдсон шалтгаанаар ажлаа өгсөн зарим нэр бүхий хүмүүс шалгалт өгч, ажлаа үргэлжлүүлэн хийх тохироо хийсэн" гэж буй юм. 

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг шаардлагаас гадна мөн хуулийн 23 дугаар зүйлд “тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэсэн шаардлага байхаас гадна төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргын тодорхойлолтын шаардлага тавигдах ёстой.

Энэхүү туршлагын жил заасан шаардлагыг өнгөрсөн долдугаар сар /2022.07/-д бууруулсан бөгөөд үүнээсээс бас 50 хувь хөнгөлж болох зохицуулалт оруулахаа ч эрх баригчид мартаагүй сэм шургуулсан байдаг.

Тодруулбал, парламентад олонх болсон эрх баригч нам 2022 оны долдугаар сарын 5 /2022.07.05/-ны өдөр Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэх, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтгах гэх өөрчлөлтийг оруулжээ. 

Улмаар Засгийн газар энэ сарын 5 /2023.01.05/-ны өдөр дээрх хуулийг зохицуулах журмыг баталсан байна. Хамгийн ноцтой нь, Засгийн газраас дээрх журам батлахдаа зөвхөн Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэх журмыг баталж, харин төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтгах журмыг батлаагүй үлдээсэн байх аж.

Үүнээс үүдэн, Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд одоо зарлагдах ТНБД, агентлагийн даргад өрсөлдөх боломж нь хязгаарлагдаж байгаа юм. Товчхондоо эрх баригчид Ковидын хуулиар томилсон хүмүүсээ чөлөөлж байна гэх сурталчилгааныхаа цаана "цүнх баригч" гэж нэрлэдэг улстөрийн албан тушаалтнуудыг эл суудалд томилохоор ийнхүү лоббидож байж болзошгүй байна.

Нөгөө талаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны албан тушаалд цаг, нараа зориулан ажилласан төрийн захиргааны албан хаагчдын үнэлэмжийг дорд үзсэн тэднийг үл ойшоосон байдал харагдаж байгаа юм. Төрийн захиргааны албан хаагчид нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсах зэрэг үйл ажиллагаанд оролцох нь хуулиар хориотой байдаг учир үүнийг нь далимдуулж, тэдний эрхэнд халдаж байна уу гэх хардлагыг ч мөн төрүүлж байгаа юм.