ВИДЕО: С.Эрдэнэ, “Капитал банк, Элеватор”-ын хэрэгтээ, Х.Баттулга “Нүүрсний” хэрэгтээ АН-ыг улс төрийн хамгаалалтаа болгон бусдад нөлөөлж байна уу

ВИДЕО: С.Эрдэнэ, “Капитал банк, Элеватор”-ын хэрэгтээ, Х.Баттулга “Нүүрсний” хэрэгтээ АН-ыг улс төрийн хамгаалалтаа болгон бусдад нөлөөлж байна уу

Улсын дээд шүүхийн архив, түүний цахим санд “АН-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн нэр байхгүй” гэсэн тогтоолыг тус шүүхээс гаргасан. Товчхондоо, улс төрийн намын лавлагаа мэдээллийн эцсийн үнэн зөв мэдээллийг гаргах ёстой УДШ-ээс “АН-д одоогоор даргагүй” гэж мэдэгдсэн.

УДШ-ийн тогтоол

Гэсэн хэдий ч С.Эрдэнэ, Х.Баттулга нар өөрсдийгөө “АН-ын дарга” хэмээн нэрлэж, хоёр талд гаран маргалдаж өнөөдрийг хүрсэн. Гэтэл АН-ын гишүүд тэдэнгүйгээр “эвлэрэх”-ээр уулзалтуудыг хийж эхэлтэл С.Эрдэнэ, Х.Баттулга нар хамтарч ажиллахаар болсон гэж мэдэгдсэн нь олон хүнд эргэлзээ төрүүлж эхлээд байгаа юм.

Тодруулбал, “С.Эрдэнэ, Х.Баттулга нар АН-ыг улс төрийн хамгаалалтаа болгон, эсрэг намынхаа улс төрчдөд нөлөөлөх замаар ашиглаж байна уу” гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.

ВИДЕО: 

-С.ЭРДЭНЭ АТГ-Т ШАЛГАГДАЖ БУЙ ХОЁР ХЭРЭГТЭЭ АН-ЫГ АШИГЛАЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Тухайлбал, С.Эрдэнэ нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 230 гаруй тэрбум төгрөгийг албан тушаалаа урвуулж, шалгуур үзүүлэлт хангаагүй “Капитал” банканд байршуулах шийдвэр гаргасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж буй.

Хамгийн ноцтой нь энэ хэрэгт түүнтэй хамт шалгагдаж байсан Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Мэндбаяр нь хэргээ хүлээж, шүүхээс ял сонссон ч, С.Эрдэнэд холбогдох тус хэргийг прокурорын байгууллагаас түр түдгэлзүүлсэн тул шалгалтын ажиллагаа удаашраад байгаа юм. 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол

Нөгөө талаар С.Эрдэнийг хуучин, ашиглалтын шаардлага хангахгүй “Элеватор”-ыг улсад 16 тэрбум төгрөгөөр шахахад оролцож Тариалан эрхлэлтийг дэмжих санд 11 тэрбум гаруй /11,240,745,297/ төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргээр АТГ-аас шалгаж буй. Гэтэл тус хэрэгт хамт шалгагдаж байсан Д.Балдан-Очир Монгол Улсын хилээр гарч явсан тул С.Эрдэнэд холбогдох “Элеватор”-ын гэх хэргийг прокурорын байгууллагаас “тусгаарласан” тул хэргийг шалгах явц мөн л удааширсан гэдэг. Гэтэл  Д.Балдан-Очир Монгол Улсад эргэн ирсэн ч, прокурорын байгууллагаас хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэхгүй байгаа гэдэг. Энэ бүхний цаана С.Эрдэнэ АН-ыг эсрэг намынхаа улс төрчдөд нөлөөлөх байдлаар ашиглаж байж болзошгүй гэдэг.

-НҮҮРСНИЙ ГЭХ ХЭРЭГТЭЭ Х.БАТТУЛГА ОЛОН НИЙТ, УЛС ТӨРИЙН ХАМГААЛАЛТЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА УУ-

Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн банк, Төмөр зам гээд олон асуудалд нэр холбогддог. Улмаар түүнийг “Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татан шалгаж эхэлсэн талаар АТГ-аас мэдэгдсэн. Гэтэл тэрээр “эрүүл мэндийн шалтгаан”-ын улмаас АТГ-ын мөрдөгчид хувийн батлан даалт гаргаж өгөөд “дуудсан цагт эргэж ирнэ” хэмээгээд БНСУ-ыг өнгөрөгч сар /2022.12/-д зорьсон. Түүнийг “хилээр гараад зугтаасан” хэмээн Шадар сайд Ч.Хүрэлбаатар нарын хүмүүс мэдэгдэж байв. Ийм түүний ойр тойрны хүмүүс шинэ оны өмнө /2022.12.31/ эх орондоо эргэж ирнэ хэмээн мэдээлж байсан ч тэрээр ирээгүй юм.

Гэтэл өнгөрөгч Баасан гараг /2023.01.13/-т “АН-ын их эвлэрлийн хурал” гэгч болсны дараа гэнэт л Монголд эргэн ирэн, Ерөнхий шүүгч н.Ганзориг болоод АН¬-ын даргад нэр дэвшигч С.Баярцогт нарыг шүүмжилж, шалгахыг шаардан Үндсэн хуулийн цэцийн гадна мэдээлэл хийсэн. Түүний энэхүү үйлдлийг зарим иргэд “Монгол Улсын номер нэг байсан хүн рейтинг нь навс унасан намын даргын төлөө мэдээлэл хийж, жижгэрлээ” хэмээн шүүмжилж байсан. Харин нөгөө талдаа Х.Баттулга нь “Нүүрсний” гэх хэрэгтээ “улс төрийн хамгаалалт” бий болгож байж магадгүй талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн байна.