ХБ-ны сонсголоор Х.Баттулгын туслах Ц.Ууганбаярын "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-ийн зээлийг шинжлэн судалж байна

ХБ-ны сонсголоор Х.Баттулгын туслах Ц.Ууганбаярын "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-ийн зээлийг шинжлэн судалж байна

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Сонсголоор ТОСК-Шинэ яармагийн зээлийг шинжлэн судалж байна. Тус зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

“Шинэ яармаг” орон сууцны төсөл нь Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Спорт цогцолборын зүүн урд талд 14.9 га талбайд баригдах нийт 368,262 м2 талбай бүхий барилгажих талбайтай 2,910 айл, 1,100 автомашины зогсоол, 1 сургууль, 1 цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв багтсан 3 үе шаттай хэрэгжих цогцолбор байхаар төлөвлөсөн байна.

Засгийн газрын 2015 оны 117 дугаар тогтоолоор “Шинэ бү “Шинэ яармаг цогцолбор хороолол” төсөлд зориулан “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д 2015 оны тавдугаар сарын 28-ны өдөр 50,000,000.00 /тавин сая/ам.долларыг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай, жилийн 8.45 хувийн хүүтэй зээл олгосон.

Төсөл санаачлан хэрэгжүүлэгч "Юнайтед Прожект Корпорейшн" /UPC/ ХХК нь БНХАУ-ын "EXIM" банктай 2012 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр уг төслийг 3 үе шаттай санхүүжүүлэх 195.8 сая ам долларын санхүүжилтийн гэрээг байгуулсан. EXIM банкнаас эхний ээлжийн санхүүжилтийг олгоход төсөл хэрэгжүүлэгч талд тодорхой нөхцөл шаардлага тавьж, санхүүжилтийн баталгаа, өөрөөс санхүүжүүлэх хөрөнгийг баталгаажуулах шаардлага тавигдсаны дагуу дээрх зээл олгогдсон. Улмаар Засгийн газрын тогтоолын дагуу ТОСК ТӨҮГ болон Юнайтед прожектс групп ХХК нар 2015 оны 05 дугаарын 04-ний өдөр “Шинэ яармаг” орон сууцны хороолол төслийг хэрэгжүүлэх “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан аж.

2015 оны долдугаар сарын 20-ны өдөр ТОСК болон Юнайтед прожектс групп /UPG/ ХХК, Нью Яармаг хаусинг прожект /НЯХП/ ХХК нарын хооронд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэх “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан.

Дээрх гэрээнүүдийг үндэслэн EXIM банкны санхүүжилт орж эхэлсэн нөхцөлд зарцуулах нөхцөлөөр МУХБ-аас 50.0 сая ам долларыг ТОСК-д, ТОСК-аас төсөл хэрэгжүүлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн данс руу “Дөрвөн талт гэрээ”-г арилжааны банктай байгуулан Голомт банканд 25.0 сая ам доллар, Худалдаа хөгжлийн банканд 25.0 сая ам долларыг битүүмжлэн зээлийн санхүүжилтийг олгосон аж.

EXIM банкны санхүүжилт орох эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалд хүрч, зээлийн санхүүжилт байршсан данснуудын битүүмжилсэн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр дууссан тул МУХБ-аас ТОСК ТӨҮГ-ын хүсэлтийг үндэслэн ХХБ болон Голомт банканд байршсан эх үүсвэрийг буцаан татжээ. Тиймээс Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны зургадугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр төсөл хэрэгжүүлэгч “НЯХП” ХХК-тай байгуулсан 57.4 тэрбум төгрөгийн Барьцааны гэрээг хүчингүйд тооцож, үндсэн барьцаа хөрөнгөгүй болсон байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр МУХБ-ны нэхэмжилсэн 104.7 тэрбум төгрөгөөс 18.9 тэрбум төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “Нью яармаг хаусинг прожект” ХХК-аас 61.2 тэрбум төгрөгийг, ТОСК ТӨХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 24.6 тэрбум төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба ТОСК ТӨХХК-ийн зарим барьцаа хөрөнгийг чөлөөлжээ.

Зээлдэгч нь 2022 оны гуравдугаар сарын 18-ний өдөр 500,000,000.00 төгрөгтэй тэнцэхүйц доллараар төлөлт хийсэн бөгөөд бүртгэлд 498,040,874.95 төгрөгөөр орсон. Мөн 2022 оны наймдугаар сарын 05-ны өдөр төгрөгийн дансанд 1.0 тэрбум төгрөг төлснөөс Улсын тэмдэгтийн хураамж -429,251,377.00 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал - 1,500,000.00 төгрөг, нийт 430,751,377.00 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 569,248,623.00 төгрөг нь зээлийн хүүгээс хасагдсан байна.