БАРИМТ: Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нарын хэн нь Улаанбаатарын гэрээт замын цагдаагийн цалинг олгохоо "мэдэхгүй" болж Д.Сумъяабазарт ханджээ

БАРИМТ: Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нарын хэн нь Улаанбаатарын гэрээт замын цагдаагийн цалинг олгохоо "мэдэхгүй" болж Д.Сумъяабазарт ханджээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар шинэ оны өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Цагдаагийн алба хаагчдын цалинг нэмнэ" гэдгээ мэдэгдсэн. Түүний хэлсэнчлэн цагдаагийн алба хаагчдын цалин 38.5 хувиар нэмэгдэж байгаа аж. 

Тэгвэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, хөдөлгөөн зохицуулах чиг үүрэг бүхий гэрээт автозамын цагдаагийн алба хаагчдын цалинг олгох төрийн байгууллага өдгөө олдохгүй, холбогдох байгууллагууд нь нэг нэгэн рүүгээ албан бичиг хүргүүлэх болжээ.  

Ж.Сүхбаатар сайдаас хотын дарга Д.Сумъяабазарт илгээсэн албан тоот

Тодруулбал, Х.Нямбаатар сайдын толгойлж буй Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарт хандан 2022 онд холбогдох хуульд өөрчлөлт орсноор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан гэрээгээр авто замын хөдөлгөөн зохицуулалтад ажиллаж байсан 250 албан хаагчийг ажиллуулах цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй болсон. Тиймээс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зориулалт бүхий хөрөнгөөс гэрээт албан хаагчдыг цалин хөлс, урсгал зардлыг шийдвэрлэж байх асуудлыг дэмжин ажиллах" тухай хүсэлт хүргүүлжээ.

Харин Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Засгийн газрын сайд Ж.Сүхбаатар хотын дарга Д.Сумъяабазарт хандаж дээрх гэрээт цагдаагийн алба хаагчдын цалинг шийдвэрлэж өгөхийг хүссэн байх аж. 

Товчхондоо, НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан нь гэрээт цагдаагийн алба хаагчдын цалинг олгох боломжгүй болсон тухайгаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт мэдэгдэж, Х.Нямбаатар сайд нь Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар руу хандаж, эцэст нь Ж.Сүхбаатар сайд хотын дарга Д.Сумъяабазарт хүсэлт гаргаад байгаа аж. Хэрэв энэ асуудал яаралтай шийдэгдэхгүй бол Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, хөдөлгөөн зохицуулах чиг үүрэг бүхий  автозамын гэрээт цагдаагийн алба хаагчид цалингаа авч чадахгүй нөхцөл байдал үүсэх нь.