ШУУРХАЙ: Урсгал сөрж зогссон тээврийн хэрэгсэл нь манай улсад суугаа Унгарын ЭСЯ-ны автомашин байжээ

ШУУРХАЙ: Урсгал сөрж зогссон тээврийн хэрэгсэл нь манай улсад суугаа Унгарын ЭСЯ-ны автомашин байжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Гадаад харилцааны яамны баруун, "Blue sky" байшингийн урд талын авто замд Toyota "Прадо-150" маркийн ДК дугаартай автомашин урсгал сөрж зогссон мэдээлэл өчигдөр /2023.01.19/ цахим сүлжээнд цацагдсан билээ. 

Тус мэдээлэлтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс "цахим зөрчлөөр" бүртгэлд авч шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Тухайн зөрчил гаргагч нь хуульд заасан дипломат дархан эрх, эрх ямбанаас хамаарч хариуцлага тооцох эсэх нь шийдэгдэх юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас Гадаад харилцааны яамны Интерполын үндэсний товчоогоор дамжуулан тухайн улсын Элчин сайдын яаманд хандаад байгаа аж. Урсгал сөрж зогссон ДК дугаартай автомашины ойролцоо байсан иргэдийн мэдээлж буйгаар "тухайн автомашин нь манай улсад суугаа Унгар улсын Элчин сайдын яамны автомашин" байжээ.