Н.Учрал: Энэ хууль хэвлэлийн эрх чөлөөнд халтай биш. Төрийн үүргийг 80 хувь хуульчилсан, хохирогчдыг хамгаалах хууль

Н.Учрал: Энэ хууль хэвлэлийн эрх чөлөөнд халтай биш. Төрийн үүргийг 80 хувь хуульчилсан, хохирогчдыг хамгаалах хууль

УИХ-ын чуулганы Баасан гараг /2023.01.20/-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ. 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Энэ хуулийн төсөл анх 2017 онд боловсруулагдсан. Олон жил хүлээгдсэн хуулийн төсөл. Эрүүгийн хуулийн 34 төрлийн гэмт хэргийн 94 хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна гэсэн судалгаа бий. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буй тул энэ хуулийн төслийг даруй баталж, гэмт хэргээс сэргийлэх зорилтоор контентууд дээр нь холбогдох үйлчилгээ үзүүлэх байгууллагуудтай харилцах сувгийг тодорхой болгох шаардлагатай.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно гэсэн заалт бий. Уг заалтыг нийгэм буруу ойлгож, шүүмжилсэн. Тийм учраас энэ заалтыг хассан.

Мөн нэр бүхий сэтгүүлчдийн санал болгосноор харгалзаж үзэх үндэслэл дээр олон нийтэд нөлөө бүхий гэдэг энэ заалтыг хуулийн төслөөс хассан. Мөн гүтгэх, доромжлох гэдэг заалт хэвлэлийн эрх чөлөөнд халтай юм гэдэг тодорхой санал өгсөн учраас цахим гадуурхал дотроо буюу хүнийг заналхийлэх гэдэг агуулгаар явж болно гэж үзсэн. Тиймээс уг хуулиар гүтгэх, доромжлох гэдэг ерөнхий агуулгыг хуульчилж өгөөгүй. Зөрчилтэй контент дотор 11 заалт хамаарч байгаа учраас энд ямар ч асуудал үүсэхгүй. Энэ хууль хэвлэлийн эрх чөлөөнд халтай биш. Төрийн үүргийг 80 хувь хуульчилсан, хохирогчдыг хамгаалах хууль юм. Троллууд буюу уул, ус, хадны зурагтай байгаа хүн биш хүн хогуудыг би шүүмжилж байгаа. Тийм учраас тэд нар битгий энэ асуудалд оролц" гэв. 

 



Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө