"Лайвчин" гэх иргэн Д.Мөнх-Эрдэнийг "Гэмт хэрэг үйлдэж болзошгүй" хэмээн прокурорын саналаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр нэг сарын хугацаатай цагдан хорьсон билээ.
Харин яллагдагч, түүний өмгөөлөгч нарын хүсэлт, яллагдагчийн эрүүл мэндийн байдал болон түүний ар гэрийн байдлыг харгалзан үзэж яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, оршин суух, ажиллах, сургууль, эмнэлэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй байгууллагаас бусад газар очих, зорчихыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл тэрбээр шүүхээс тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг зөрчжээ. Тодруулбал Д.Мөнх-Эрдэнэ нь 2023 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр болсон АН-ын ҮБХ-ны хуралд хүрэлцэн очиж, таслан сэргийлэх арга хэмжээгээ зөрчсөн байна. Тэрбээр тухайн хуралд очсон гэдгээ ч өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Хэрэв Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзвэл хяналт тавих үүрэгтэй прокурор, мөрдөх байгууллагаас таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлүүлэх боломжтой юм.